Донецкт 67 хүн амиа алджээ
2015-07-08

“Нормандын дөрвөл” өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд Беларусын нийслэл Минск хотноо чуулж, Украины зүүн хязгаарт хүчин төгөлдөр хэрэгжих “Минск 2” гэрээг амжилттай байгуулсан билээ. Донецк мужид хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид өнөөдөр Минскийн гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

“Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын Батлан хамгаалахын орлогч сайд Алексей Кострубитку “Гэрээ хэрэгжиж эхлэснээс тав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 16-нд Украины армийнхан галт зэвсэг ашиглаж эзлэн түрэмгийлэх бодлого явуулж, энгийн иргэдийг хохироож, бүх бурууг бидэнд тулгахыг оролдсон. Бидний тооцоолсноор “Минкс 2” гэрээ байгуулагдсан өдрөөс өнөөдрийг хүртэл зөвхөн Донецкт 67 хүн амиа алдаж, 133 хүн гэмтэж, 14 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан” гэж мэдэгджээ. Тэрбээр ““Минск 2” гэрээ хүчин төгөлдөр байхаа больсон. Тиймээс Путин тэргүүтэй хүмүүс дахин зүүн хязгаарын асуудлаар ярилцах хэрэгтэй. Мөн Донецкт хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна” хэмээжээ.

 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард салан тусгаарлагчид Донецкийг Бүгд найрамдах улс хэмээн тунхагласан билээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко энэхүү шийдвэртэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, сөргөлдөөний бүс рүү 2000 гаруй цэрэг илгээсэн юм. Олон сарын турш үргэлжилсэн тулааны үеэр 6000 гаруй хүн амиа алдаж, 1500 орчим байшин барилга нурж, 140 гаруй төрийн байгууллага үйл ажиллагаагаа зогсоож, 50 мянган иргэн дүрвэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин