Шоу цэнгээн миний өгөөш
2015-07-09

Нэг ийм үгтэй хип хоп дуу байдаг даа. Хэсэг бас хит болсон. За бас бидний сайн мэдэх "Гладиатор" гэж холливуудын кино байдаг. Аавынхаа амийг бариад нударчихсан залуу хаан хэдэн ч билээ 100 хоногийн мэсчин боолын тэмцээн зохион байгуулж ард түмнээ баясгах гээд байдаг. Сенаттайгаа толхилцох зуур олны анхаарлыг өөр зүйлд татаад л. Цус харж зүрх нь хөөрсөн олон нийт нь дийлдэшгүй “Спани” эрээс өөр ярьдаг юмгүй болчихсон байдаг. Яг энэ арай биш гэхэд төстэй юм манай Улаанбаатарт өрнөх гээд байна даа. Өвлийн жаварт даарсан гундсан сэтгэлээ  хаврын золголтоор арчаад хаячихдаг ард түмэн бид. Харин намар, өвөл, хаварт юу бантагнуулснаа  улстөрчид зуны наадмаар мартуулчих гээд байдаг зүтгэлтэй.

 

Инээдэг болоод байгаа гэх Улаанбаатартаа ярвайж явсаар нэгэн сарыг өнгөрөөсөн иргэд олон л байх. Халуун усгүй, цахилгааны хязгаарлалттай, замууд хаалттай. Зовсны эцэцст жаргана гэдэг шиг одоо цаана чинь Хотын захиргаа залхаасныхаа цагаатгал болгож зад авсан шөнийн шоунуудыг ар араас нь хийж бидний таагүй дурсамжуудыг арчих бэлтгэл ажилдаа орсон байна.

 

“...Одоо энэ залуусаа ядаж наадмаар хэдэн орой нижгэр шоудуулмаар. Хөөрхий энэ иргэд минь элдэв хязгаарлалтад орсоор яаж ч татаад нүүр нь тэнийхээргүй ярвайсан байна шүү. Төсвөөс тэр гаргадаг мөнгийг нь гаргаа, шийдээ... хэнээ айн... Манай нийслэл бол мөнгөтэй ш дээ... ИТХ яахав би Баттулгатай ярьчихна. Тэр мөнгийг нь гаргаад өнөө “Саунд оф”-ынхонд өгчихөө, хэнээ айн... Миний яах гээд байгааг ойлгож байна уу...” гээд л өв буянаа тарааж буй гэрийн эзэн шиг Үүл баатар чиглэл өгсөн бололтой. 

 

Манай одууд мөнгөө нийлүүлээд арай гэж босгоод дараа нь тал мөнгөө чүү л гэж зуух хэмжээний овоо мөнгө орох тайз засалтай хэд хэдэн том шоуг талбай дээр тавих ажилдаа шуударчээ. Чингисийн талбай дээр цэргийн жагсаал нэг л болох байх. Харин шоу тоглолт бол цуварч өгөх нь. Талбайн хэдэн гялгар хавтан нь хагарчихгүй үлддэг байгаа даа.

 

Маазрахгүй асуухад энэ тоглолтуудын тайз, гэрэл чимэглэл, лэд дэлгэц зэрэгт төсвөөс хэдэн тэрбумыг шидэж байна даа . Нийслэлийн удирдлага Хотын захиргааныхан ер нь ёслол арга хэмжээ шоу хөтөлбөрт гар татдаггүй юм шиг харагддаг шүү.

 

Өнгөрсөн жил билүү. Улаанбаатар хотын 375 жилийн төрсөн өдрийг нийтдээ 2.346.655.500 төгрөгөөр тэмдэглэсэн байсан. Энэ нь тухайн ондоо Багануур дүүрэгт нийслэлийн төсвөөс төсөвлөсөн мөнгөнөөс хоёр дахин их мөнгө байсныг цохон тэмдэглэсэн нийтлэл гарч байсан шүү. Бас нэг сонгууль нугарсан жил Чингис хааныг босгож ирсэн гайхалтай гэрлэн үзүүлбэр /англиар нь хэлж мэдэхгүй юм/ тэрбум давсан л өртөг мөнгөтэй дуулдсан. Ийм юм зохион байгуулахад ч тэндер мэндэр гэж цаг үрдэггүй юм байгаа биз. Хийгээд сурчихсан ганц компанитай. Тэрэнтэйгээ түншлээд болчихдог бололтой.

 

Хэдхэн цаг зад аваад хэдэн залуус доргиод тарахад л болоод явчихдаг ийм арга хэмжээ нэг хоёр байлгүй яах вэ. Гэхдээ энэ жил иргэдийн стрэсс урд жилийнхээс их байна гэж тооцсон юм болов уу даа. Нэлээн өртөгтэй баймаар дараалсан шоуны зарууд байна лээ дээ. Хэлний мэдлэг муу тул зарим нэг сонссоноосоо кирилээрээ багцаалаад буулгая даа. Плэйтайм, Венийн вальс сонгодог үдэш, Их талын жааз, Дэлхийн супер оддын тоглолт, Электрон хөгжмийн сайлэнс вайт парти. За тэгээд ойр мэдэхээс Учиртай гурван толгой ч гэж байна.

 

Урлагийн тоглолт шоу цэнгүүн түүнээс гарах энерги, олон түмний хүртэх сэтгэлийн таашаал, эв нэгдлийн уур амьсгал гээд мөнгөөр шууд тооцож хэмжиж үл болох гэрэл гэгээ өөдрөг зүйл энэ бүхний цаана байгааг ойлгож л байна. Гэхдээ нэг дор олон шоу шахаж төсвийн мөнгөө гамгүй цацаад баймааргүй. Сонгуулийн өмнөх жилийн наадам болохоор шоу концертууд нь жилээ даахаар байхын тулд ар араасаа олон өрөгдсөн юм болов уу даа. Жилээс жилд жижгэрсэн тасалдаад байгаа төсөвтэй гэх. Наадмаас наадамд шоуны арга хэмжээ тайз каркас, хөгжим засалд гаргах мөнгөө нэмээд л байх юм. Жилдээ нэг наадмаар цөм хийдэг яасан ч даллагатай компани байдгийн. Тэр “Саунд оф” гэлүү тайз угсардаг компанийн нэр сонсогдоод байна лээ.

 

Хэдэн тэнгэрлэг хоолойтой одуудаа нэг дор дуулахыг сонсч, хамтдаа доргиж хэд дэвхцээд хамгийн сүүлд “Халуун элгэн нутаг”-аа хамтдаа дуулж нэг огшоод тарахад бид болоод явчихна. Дараа зун дахиад ашиглагдахгүй тэр их гэрэл эффестэнд тэрбум дөхсөн мөнгө хаяад байх шиг л санагдах юм. Цагаан сараар айл өрхүүд хамгаа шавхдаг бол улсын наадмаар нийслэл мөнгөөр цацарчих юм даа. 

 

“Нэг сайн уучихаад больё” гэдэг шиг хэдэн шөнө шоу бөөндөж үзээд намрын бороотой өдрүүдээ хүлээж дээ. Юм хийж байхад юм үзээгүй нөхөр харлууллаа гэж бүү уурлаарай Хотынхоон. Төсөв мөнгөний хүндрэлд сүүдэртэж хэтэвч нимгэрсэн хэдэн ардаа бодоод хэмнэлттэй л ажиллаарай гэж хэлэх гэсэн юм.

 

Б.Хэгжүүн

Shuud.mn
Сонин хачин
Їїлэнхудалч:
Энэ бол АН-ханы сонгодог арга.Асуудлын гол руу орж чадахгїй хэрнээ єнгєц юм хийгээд л давхиад байна.цэцэг тарих юм мэдэх мэтээр л зїгээр гаднах фасадыг нь л янзална.Гэвч доорхи фундамент нь нурж унахад бэлэн болсон байна шїї дээ
2015-07-09
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хаа:
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хааж шоудах юм аа Зам хааж шоудахаа болиоч ээ .Шоунд дуртай хүмүүст сайхан л байдаг байх .Өдөржин ажилчихаад харьж амрах гэхээр Талбай дээр шоутай Эсвэл Томчууд хариж байгаа гээд л хаачих юм. Талбай дээр шоутай үед 2 цаг гаран явж байж энхтайваны гүүр чүй ай давах юм .Зүгээр л амьдармаар байна ажлаа хийгээд л саадгүй гэртээ хариж халуун хоолоо идэж .Тийм боломж олгооч
2015-07-09
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хаа:
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хааж шоудах юм аа Зам хааж шоудахаа болиоч ээ .Шоунд дуртай хүмүүст сайхан л байдаг байх .Өдөржин ажилчихаад харьж амрах гэхээр Талбай дээр шоутай Эсвэл Томчууд хариж байгаа гээд л хаачих юм. Талбай дээр шоутай үед 2 цаг гаран явж байж энхтайваны гүүр чүй ай давах юм .Зүгээр л амьдармаар байна ажлаа хийгээд л саадгүй гэртээ хариж халуун хоолоо идэж .Тийм боломж олгооч
2015-07-09
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хаа:
Tөв зам хаалттай ядаж байхад талбайн зүүн зам хааж шоудах юм аа Зам хааж шоудахаа болиоч ээ .Шоунд дуртай хүмүүст сайхан л байдаг байх .Өдөржин ажилчихаад харьж амрах гэхээр Талбай дээр шоутай Эсвэл Томчууд хариж байгаа гээд л хаачих юм. Талбай дээр шоутай үед 2 цаг гаран явж байж энхтайваны гүүр чүй ай давах юм .Зүгээр л амьдармаар байна ажлаа хийгээд л саадгүй гэртээ хариж халуун хоолоо идэж .Тийм боломж олгооч
2015-07-09