С.Батболд, Ж.Батзандан нар мэдээлэл хийв
2015-07-09

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын төслийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан нар өнөөдөр /2015.07.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Сүүлийн үед хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал иргэдийн сэтгэлийг зовоож байгаа асуудал. Монгол Улс ойн баялаг багатай орны тоонд ордог. Түүнчлэн сүүлийн үед гарч байгаа экологийн гэмт хэргийн 80 гаруй хувь хууль бус мод бэлтгэлтэй холбоотой асуудал эзэлж байгаа. Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, авах арга хэмжээг чангаруулах, иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах шаардлагатай байгаатай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл өгсний дагуу энэхүү хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар хэд хэдэн шинэ зохицуулалт бий болж байгаа юм.

 

Тухайлбал, хууль бус мод бэлтгэхтэй холбоотой гэмт хэргийн зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагч, цагдаа мөн хууль хяналтын байгууллагын ажилтанд тодорхой урамшуулал өгдөг тогтолцоог бий болгох зорилгыг агуулж байгаа. Хууль бус мод бэлтгэл болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил бууруулахад иргэд, нөхөрлөл, төрийн бус байгууллага, олон нийтийн оролцох оролцоо, хяналт нэмэгдэх бөгөөд энэ хэргийг илрүүлэхэд оролцсон холбогдох албан тушаалтан, иргэдэд олгох урамшууллын хэлбэрийг тодорхой болгож өгснөөр экологийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх юм. Мөн ойн сан бүхий нутагт амьдардаг иргэд ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мод ашиглах бололцоо, боломж нь нээгдэж байгаа гэдгийг гишүүд мэдээлэлдээ дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин