Хакеруудыг ОХУ санхүүжүүлдэг
2015-07-09

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд буй Хилари Клинтон өчигдөр Техас мужид дэмжигчидтэйгээ уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Цагаан ордны цахим сүлжээ хэд хэдэн удаа дайралтад өртөж, улсын нууцын зэрэглэлд хамаардаг материалуудыг хакердаж, хулгайлсан. Эдгээр хулгайч хакеруудыг ОХУ, БНХАУ, Иран болон Хойд Солонгосын Засгийн газар санхүүжүүлж байна. Удаа дараа Цагаан ордны дотоод сүлжээнд халдсан хакеруудыг ОХУ санхүүжүүлсэн. Энэ баримтаар нотлогдсон. Тиймээс эдгээр улс хакеруудыг санхүүжүүлж, бусдын нууцад халдахгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

 

Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Энхийг сахиулагчид” хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хакерууд АНУ-ын холбооны татварын газрын дотоод сүлжээг хакердаж, 104 мянга орчим хүний материалыг хулгайлсан бол тавдугаар сард Ерөнхийлөгч Барак Обамагийн электрон шууданд нэвтэрч зарим мэдээллийг нь хулгайлсан билээ. “Энхийг сахиулагчид”-ын ард ОХУ-ын Засгийн газар байгаа хэмээн “FBI” мэдээлсэн юм.

 

Гэхдээ АНУ өөрийн иргэдээ болон бусад орны төрийн тэргүүнүүдийг тагнаж байсан нь илчлэгдсэн. Сүүлд л гэхэд “NSA” Францын гурван Ерөнхийлөгчийг зургаан жил орчим тагнаж байсан нь илэрсэн билээ. Энэ тухай Хилари “Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Хэрвээ Ерөнхийлөгч болбол энэ асуудалд анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин