”Цогт тайж” эргэн ирлээ

img

 

Гэрэл зургийг МPA.mn

 

Монголын түүхэн киноны сор бүтээл "Цогт тайж" киноны Франц Улсад сэргээн засварласан эхийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.

 

Уг үйл ажиллагаанд Боловсрол соёл шинжлэх ухааны яам, соёлын нэрт зүтгэлтнүүд, үзэгчдийн төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны дэд сайд Тулга “Цогт тайж” киног шинэчлэхэд хамтран ажилласан хувь хүн, албан байгууллагууддаа баярлалаа. Бид энэ киног яаман дээрээ хүлээн авч болох байсан. Гэвч ард түмэнтэйгээ цуг ёслол төгөлдөр хүлээн авахыг хүссэн юм. Учир нь энэ жил манай салбарын олон ой тохиож байна. Тиймээс энэ киногоороо далимдуулаад ахмад уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм” хэмээн ярьлаа.

 

 

Архивын ерөнхий газар нь Архивын баримт, бүтээлийг сэргээн засах, шинэчлэх ажлын үрээнд БСШУ-ны сайдын санаачлагаар “Цогт тайж” киног Франц Улсын Засгийн газрын тусламжтайгаар сэргээн засварлуулсан билээ. Архивын тухай хуулийн 26.1-д заасны дагуу эх баримтыг гадаадад бүрмөсөн гаргахыг хориглосон учир уг киноны контратип хувийг сэргээн засварлахаар явуулсан байдаг.

 

Одоогийн байдлаар тус киноны сэргээн засварласан хувь болох I ангийн 8, II ангийн 7 бүлэг, нийт 15 бүлгийг Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт хадгалагдаж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дашрамд дуулгахад, 2011 оны аравдугаар сарын 4-нд “Цогт тайж” киноны сэргээн засварласан бичлэг “Тэнгис" кино театрт нээлтээ хийж, уг нээлтэд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Франц Улсаас манай улсад суугаа элчин сайд Жан Пол Дюмон, ҮТА-ын захирал М.Эрдэнэбат болон бусад уран бүтээлчид оролцож байлаа.

 

Харин өнөөдөр болсон үйл ажиллагаагаар тус киног сэргээн засварласан бүрэн эхийг БСШУ-ы яам хүлээн авч, Архивын ерөнхий газрын кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт хүлээлгэн өглөө.

 

 

“Цогт тайж” киног бүтээхэд аймгаараа “хөдлөж” байсан

 

МУГЗ, кино найруулагч Д.Хишигт

 

Хүндэтгэлийн ёслолын үеэр МУГЗ, кино найруулагч Д.Хишигттэй ярилцлаа.Тэрбээр 1945 онд Архангай аймгийн Булган ууланд “Цогт тайж” киноны зураг авалт хийж байх үед хүүхэд байжээ. Түүнтэй тус киног бүтээсэн түүх, дурсамжийг хуваалцсан юм.

 

 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг нийт уншигчдийнхаа зүгээс хүргье. Өнөөдөр “Цогт тайж” уран сайхны киног сэргээн завсарлаж, хүлээлгэн өгөх хүндэтгэлийн үйл явдал болж байна. Сэтгэгдэлээсээ хуваалцаач?

 

-Би маш их баярлаж байна. Яагаад гэвэл энэ киноны Цогт тайжын дүрд миний багш Цагааны Цэгмэд тоглосон юм. Энэ киноны зураг авалтыг намайг жаахан байхад манай Архангай аймгийн Булган  уулын баруун, зүүн суга орчимд хийж байсан юм. Би тухайн үед дунд сургуулийн 4-5 ангийн сурагч байлаа. Нэг өдөр ангийнхаа хүүхдүүдтэй зураг авалтыг ажиглаад сууж байсан чинь жүжигчин А.Цэрэндэндэв гуай морьтой хүрч ирээд “Та нар энд зүгээр суугаад яахав, хүүхдүүдээ, энд ажил хий” гэсэн. “Ямар ажил хийх үү, ахаа” гэсэн чинь “Энд тэнд хаягдсан хувцас хунар, нум сум, илд бамбай, сэлэм жадыг цуглуулаад бай” гэсэн. Тийм учраас “Цогт тайж” киног үзэх бүртээ хүүхэд насны дурсамж сэдэрч, бөөн баяр хөөр болдог /инээв/.

 

Тэнд уран бүтээлчдийн жаргал зовлон, ажлын амтыг харж, мэдэрч байсан учраас би 1947 онд Улаанбаатарт урлагийн сургуульд орсон билээ. Тийм учраас “Цогт тайж” киног сэргээгээд авчирсанд их баярлаж байна.

 

 

-Тухайн үед “Цогт тайж” кинонд хүн хүч хэр олон оролцож байсан бэ. Чөлөөлөх дайны он жилүүдэд хийгдэж байсан учраас асуудалтай нэлээд тулгардаг байсан байх даа?

 

-Энэ киног Оросын найруулагч Юрий Тарич найруулсан юм. 1943 оноос энэ киноны бэлтгэл ажил эхлээд, 1944 онд гол зургаа аваад, 19945 онд үзэгчдийн хүртээл болгож байсан. Миний санахаар Архангай аймгийнхан бүгд энэ киног хийхэд “хөдөлж” байсан юмдаг. Олны хэсэгт ордог. Тэр хавар манай сургуулийг их эрт тараасан юм. Бараг хавар гуравдугаар сард хичээлийг тараасан. Хөдөөний хүүхэд учраас хөдөө гэртээ харьчихаад нэг өдөр сумын төвд ирсэн чинь бэргэн эгч маань эртний баатарын хувцас өмсөөд, “Манай энд кино зураг авч байгаа. Эгч нь  энэ киноны олны хэсэгт орохоор болсон” гээд зогсож байсан. Тэр үед би кино зураг  авалт гэдгийг анх удаа сонсож байлаа. Тухайн үед манай аймгийн айл бүхнээс нэгээс хоёр хүнийг морьтой цэрэг, явган цэрэгт тоглуулж байсан юмдаг. Бид нар чинь аав ээж, ах эгч, эмээ өвөөгөө дагаад л гүйдэг байлаа.

 

Урд талын Баянбулагт цэргийн том анги, хороо байсан. Тэнд байсан бүх цэргүүд олны хэсэгт орж тоглож байлаа. Мөн хувиараа ногоо тарьж амьдардаг олон хятад байсан. Тэд хүртэл уг кинонд оролцоод Түвдийн албанын албат, хоёр хуруугаа гозоолгоод хэлээ гаргадаг хэсэгт тоглосон юм. Таньдаг хүмүүсээ харахаар их сайхан байдаг юм.

 

 

-Энэ кинонд тухайн үеийн Төр засаг ихээхэн анхаарч байжээ?

 

-Тэгэлгүй яахав. Маш их анхаарч байсан. Тэр үед эх орны дайны хэцүү хүнд үе байсан шүү дээ. Тухайн үед “Цогт тайж” киногоор эх орныхоо төлөө тэмцэх, дайчин чанарыг ард түмэндээ өвлүүлж байсан юм.

 

 

-Танай аймгийн гудамжийн нэрийг “Цогт”-ын 1, 2-р гудамж хэмээн нэрлэдэг юм билээ. Энэ киноны түүхтэй холбоотой байх нээ?

 

-Тийм. Булган уулын зүүн талд Цагд уул гэдэг сайхан уул байдаг юм. Түүнийг сүүлийн үед Цогт уул хэмээн нэрлэсэн байна лээ. Тэр хавийн гудамжийг ч бас ингэж нэрлэсэн байна лээ. Яагаад ингээд нэрлэчих вээ гэсэн чинь “Тэр уулын орой дээрээс Улаанмалгайт, Арсланбаатарыг шидсийм гэнэ лээ” хэмээн хариулж байна. Түүхийг ингэж гуйлуулж болохгүй л дээ. Уг нь тэр зургийг Булган уулын баруун ууланд авсан юм. Гэхдээ Архангайханд “Цогт тайж” киноны зураг авалт хийсэн нь их бахархал болж үлдсэн” гэв.

 

Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа кинод тоглох үедээ 20 настай байжээ

Сонирхуулахад, “Цогт тайж” уран сайхны киног  1942-1945 онд Оросын найруулагч Юрий Тарич, Б.Ренчин гуайн зохиолоор бүтээж байжээ.

 

Тус киноны гол дүрд Ц.Цэгмэд, А.Цэрэндэндэв, Д.Бат-Очир, Б.Жигмиддорж, Ж.Лувсанжамц, Ч.Долгорсүрэн, Л.Цогзолмаа, Д.Чимэд-Осор, Н.Цэгмэд, Г.Гомбосүрэн, Д.Ичинхорлоо, Ч. Цэвээн нар тоглосон юм. Харин зураглаачаар Дэжидийн Жигжид, хөгжмийн зохиолчоор Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нар ажиллаж байсан юм.

 

Энэ кинонд ХVII зууны үед амьдарч байсан эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн, Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм. Киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ.

 

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан зүйл байлаа. Монгол кино үйлдвэрийн бүх салбар, тасгийн ажилчид оролцсон мөн мэргэжлийн техникчид, хамт олон бүрэлдэн тогтжээ.

 

Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршдог юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Moнгол:
Энэ киног үзэх тусам өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрдөг юм. Ийм сайхан киног хүнд хэцүү дайны жилүүдэд зориглон хийсэн тэр үеийн нам засгийн шийдвэрт баярлахаас аргагүй. Эртний суут бүтээлээ мөнхрүүлэн үлдээх мэргэн бодлого гаргасан төр засагтаа мөн баярлаж байна. Одоо ийм хуучны мундаг урлагийн бүтээлүүдээ залуу үеийнхэндээ л сайн үзүүлж, сурталчлах хэрэгтэй юм даа.
2015-07-09