Леброн Жеймс хоёр жилийн гэрээг хийлээ
2015-07-10

Шийдвэрээ зарлахад телевизийн шууд нэвтрүүлэг, фенүүдийн сэтгэлийг түгшүүлэх шаардлага гарсангүй. Жилийн өмнө л төрөлх багтаа эргэн ирсэн Леброн Жеймс хоёр жилийн 47 сая долларын гэрээг Кавальерстэй хийж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

2016-17 оны улирлын 24 сая долларын цалинтай гэрээг Леброн өөрөө цуцлах эрхтэй гэнэ. Одоогоор Леброн Жеймс гэрээгээ хараахан үзэглэж амжаагүй байгаа юм. Учир нь дөрвөн удаагийн MVP шагналт тоглогч киноны сурталчилгааны ажилд оролцоод тун завгүй байгаа гэнэ.

Кавальерс ийнхүү гол тоглогчдоо үлдээж чадсан ч одоо тэдэнд Тристан Томпсонтой тохиролцох маш том асуудал бий. Леброны төлөөлөгч Рич Пол мөн Томпсоны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд хамгийн өндөр цалинг хүсч байгаа гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

Леброны хувьд богино хугацааны гэрээ хийж байгаа нь NBA-н цалингийн цэс нэмэгдэхийг хүлээж байгаа хэрэг. 2016-17 оны улирлын цалингийн цэс 89 саяар тогтоогдоно гэсэн таамаглалаар бол Леброн Жеймс дараа улиралд шинэ гэрээ хийснээр 29 сая долларын цалинг авах боломжтой.

Цаашлаад 2017-18 оны улиралд Леброн Жеймс 35.5 саяын цалинг авах боломжтой бөгөөд ингэснээр 1997-98 оны улиралд Майкл Жордан Чикаго Бүллс багаас 33 саяын цалинг авч байсан дээд амжилтыг эвдэх юм.

 

 

эх сурвалж: 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин