“Буянт-Ухаа-2”-ын ус, дулаан хангамж бэлэн болжээ
2015-07-10

“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг хэрэглээний халуун ус, дулаанаар хангах Ус дулаан дамжуулах найман төвийг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

 

БХБЯ-ны “Дэд бүтэц” төслийн нэгж 2013 онд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын 10 хэсэгт 10 ширхэг ус дулаан дамжуулах төвийг барьсан бөгөөд барилга угсралтын ажлыг бүрэн хийж өнгөрөгч онд Ус дулаан дамжуулах 2 төвийг хийж ашиглалтанд өгсөн. Уг дэд станцаас Буянт-Ухаа-1 хорооллыг ус дулаанаар хангаж байгаа билээ.


Харин төслийн хүрээнд хийгдсэн үлдсэн 8 ширхэг УДДТ-ийн барилга угсралт болон тоног төхөөрөмжийг суурилуулах ажлууд бүрэн хийгдэж зургадугаар сарын 15-нд техникийн комиссыг ажиллууллаа. Дэд бүтэц төслийн нэгжийн шийдвэрээр 8 хүний бүрэлдэхүүнтэй захиалагч, ашиглагч, зохиогч, гүйцэтгэгч байгууллагууд хамтран шинээр барьсан ус дулаан дамжуулах төвүүдийн гүйцэтгэл, ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай газар дээр нь үзэж танилцсан байна. Техникийн комиссын бүрэлдэхүүнд ашиглагч, захиалагч талуудаас гадна Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын албаны хүмүүс газар дээр нь ажиллаж холбогдох техник, аюулгүй байдалыг бүрэн хангасан гэж үзсэн бөгөөд техникийн комиссын дүгнэлтээр өгсөн холбогдох үүрэг даалгавруудыг хийж гүйцэтгэн улсын комисс ажиллуулахад бэлэн боллоо. Улсын комиссыг энэ сарын 20-нд ажиллуулахаар тохиролцсон байна.


Тус ажлын гүйцэтгэгчээр “МВС” ХХК, “Ви Ти Икс” ХХК-иудын түншлэл ажиллаж, зураг төсөвийг “Бум халаалт” ХХК боловсруулсан байна. Буянт-Ухаа орон сууцны хорооллын 10 хэсгийн 10 ширхэг ус дулаан дамжуулах төвүүд нь цагт 27,8 Гкал халаалт, 37,7 Гкал халуун усаар хэрэглэгчдийг хангах хүчин чадалтай бөгөөд нийт 2,497 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэжээ.

Shuud.mn
Сонин хачин