Харваачдад цол нэмэх хуулийн төсөл өргөн барив
2015-07-10

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.07.09/ Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн барилаа.

 

Жил бүрийн Улсын Их баяр наадмаар Үндэсний сурын харвааны төрөлд ганцхан төрлийн цол олгож байгаагаас харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардалага үүссэн. Иймээс уг хуулийн төслийг боловсруулан өргөн барьж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Улсын баяр наадмын үндэсний сурын харваанд 3 дугаар байр эзэлсэн харваачид  “Гоц харваач” цол, 2 дугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол олгохоор тусгасан байна.

 

2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулиар үндэсний сурын харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог байна. Монгол Улс түүхэндээ Үндэсний их баяр наадмыг 94 удаа тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 90 харваачид “Улсын мэргэн” цол олгожээ. Монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч, сүүлийн жилүүдэд өрсөлдөөн нэмэгдэж байгаа ба энэ жил 800 гаруй харваач Улсын мэргэн цолны төлөө өрсөлдөх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин