БОХХАА-н байнгын хороо 18 асуудал хэлэлцжээ
2015-07-10

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга С.Батболд , Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа, О.Баасанхүү нар өнөөдөр /2015.07.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

 

Тэрээр мэдээлэлдээ, 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр 9 удаа, Дэд хороо 66.6 хувийн дундаж ирцтэйгээр нийт 3 удаа хуралдаж, 6 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4, эрхлэх асуудлын хүрээнд хамаарах яам, агентлаг, харьяа байгууллагуудын тайлан, мэдээлэл 3, байнгын хорооны тогтоол батлах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг сонсох зэрэг бусад асуудал 5, нийт 18 асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар хэлэлцэх эсэх талаарх 5, анхны болон хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт 6, эцсийн хэлэлцүүлэгт 5 танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооноос нийт 4 тогтоол баталснаас хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах 2 тогтоол, Засгийн газарт чиглэл өгсөн 2 тогтоол баталсан байна. Мөн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 2 ажлын хэсэг /дэд/ нийт 7 удаа хуралдаж, ажлын хэсгийн танилцуулга 2, ажлын хэсгээс гаргасан 19 зарчмын болон найруулгын шинжтэй саналын томьёоллыг бэлтгэж, ажлын хэсгийн нийт хуралдааныг зохион байгуулж, хуралдааны тоймыг тухай бүр Улсын Их Хурлын мэдээллийн дотоод сүлжээнд байршуулсан.

 

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 6 хуулийн төсөл, 4 тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх эсэх, анхны болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж батлуулав. Энэ хүрээнд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоол, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хуулиуд батлагдсанаар Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт сайжирч, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсооход иргэдийн оролцох оролцоо нэмэгдэнэ. Ингэснээр олон нийтийн идэвхтэй оролцоонд тулгуурласан хяналтын тогтолцоог бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох замаар хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх эрх зүйн орчин сайжирна. Төр, иргэн хувийн хэвшлийн байгууллагын хариуцлага дээшилж, хууль тогтоомж хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар тоо чанарын ахиц гарна.

 

Байгаль хамгаалах сангийн орлого бүрдүүлэх эх үүсвэрт хохирлын нөхөн төлбөрийн орлого төвлөрч, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга үйл ажиллагаанд зарцуулагдах болно. Мөн байгаль хамгаалах санд төвлөрч байгаа экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцогдсон хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдэж, экологийн тогтвортой байдлыг хадгалах байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулагдах болно. Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Энэхүү хууль батлагдсанаар Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэжүүлэх газрыг Улсын тусгай хэрэгцээний газарт хамааруулахаар, уг газарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтын Улсын Их Хурал батлах эрх зүйн зохицуулалт бий болсон. Байнгын хороо уг жагсаалтыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хуулийн төсөлтэй нь хамтад хэлэлцүүлж батлуулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин