Дэлхийн Монголчууд наадмаа үзэж сууна.
2015-07-11

.  

 

Баяр наадмын хүндэтгэлийн тоглолт төв талбайгаас задгай тэнгэрт дуурсч  Монголын наадам морин хуурийн татлагаар тэгширчээ.  Хүмүүн төрөлхтөний нэгэн гишүүн гэдгээрээ ижилсэх ч энэ л наадмын өнгө түрлэгээрээ Монгол гэдэг ялгарлаа харуулна. Өөр газар байхгүй өв соёлын гайхамшиг, эх түүхийн бахархлаараа энэ өдөр дэлхийн хүмүүст бид содон харагддаг.

 

Эдийн засаг нийгмийн хөгжлөөрөө дээгүүр жагсахгүй ч  өвөг дээдсийн үлдээсэн өв түүх,  цог хиймороор энэ өдрүүдэд бид илүүрхдэг. Тусгаар улс байхын утга учирыг өргөж төрийн далбаагаараа гоёх  Монгол наадам эв нэгдэлийг илэрхийлдэг.  

 

Жил бодсон мэхээ бяр шахан хийх хүчтэнүүд наадмын талбайд голлож, сар өнжин уяа тойрсон хүү торгон жолоогоо атгасан байгаа. Нумын хөвч харааны цэцтэй эгшиж, Монгол шагайн мэргэн харваа уухайн дунд жигдэрчээ.

Суудалдаа тухалсан наадамчидын дунд түрүү бөхийн таавар яриа  хөвөрчихсөн байгаа. Тавьсан бооцоо аль талд гарахыг харуулах торгон агшин ойртоход гал ассан барилдаанууд дуу алдуулаад байвал сайхан. Эрийн гурван наадам заримдаа нэгэн эгшинд л өнгөрөх мэт болдог.

 

Хөдөө талд айл гэр эзгүйдүү. Хүүхэд томчууд наадамдаа мордсон байгаа. Айраг сөгнөх гэрийн “манаач” наадмын сонин сонсгох зочин буухыг чимээлж суугаа. Сумын наадамд эрээн асар дэрвэж , ижил дээлээр гоёсон холын наадамчид ойрын нэгэнтэйгээ золгуут хийж жилийн сонингоо хөөрөлдөж суугаа. Наадам бас хөдөөдөө элгэн садны баяр.  

 

Сүүдэр саравч, гэр байрандаа айраг сөгнөх наадамчид  үдээс хойшдоо цэнгэлдэхээ тойроод “шоопин” хийх нь наадмын нэг зураг. Андриод утаснаасаа бөхөө үзэж,  торгон агшныг  шайрлэх онлайн наадамчид ёстой завгүй суугаа. Тэр давлаа уналаа... тэр дороо дэлхийн нөгөө бөөрөнд суугаа наадамчинд хүрнэ. Хилийн цаадах Монголчууд ч наадмаа шууд үзээд сайхан байгаа.  

 

Төрт ёс,  эрэмбэ дараалал ёсчлон сахигдах Монгол наадмын өнгө тэгширчээ. Дэмжсэн бөх тань  унаа холтой даваа олонтой, уясан буян тань давхиа сайтай, тавьсан сум тань цэцэн байж хурсан олон наадамчид цэнгэл дүүрэн байг.

 

Та бүхэн сайхан наадаарай.    

 

     

Shuud.mn
Сонин хачин
монгол иргэн:
гадаадад ажиллаж сурч буй монгол хүмүүстээ, ер нь дэлхий нийтэд монголоо суртчилах зорилготойгоор наадмыг шууд дамжуулж баймаар юм. олигтой гоё. мөн монголын телевизүүд нэгдсэн нэг гоё дамжуулвал уг нь яахав өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана биз. тэгэхгүй шууд дамжуулж байна гэж хэдэн жил хуучинаараа л явж байх шиг. морь үзэх гэхлээр бөөн тоос машин тэрэг харсаар байгаад л таарах юм. сур харвааг гоё сонирхолтой хэлбэрээ дамжуулж үзвэл за тэгээд том дэлгэц энэ тэр гээд хийх юм их байх юм даа уг нь сайхан наадаарай
2015-07-11