Монголчууд баярлаж байна

Монгол наадмын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг орчуулан хүргэж байна.
Хятадын “Синьхуа” агентлаг: Чингис болон баатруудын үзүүлбэр гайхалтай байлаа
Монголчууд үндэсний баяраа тэмдэглэж байна. Эрийн гурван наадам жил бүрийн долоодугаар сарын 11-13 хооронд зохион байгуулагддаг юм. Энэхүү баярт зориулж хурдан морь уралдаж, хүчит бөхчүүд барилдаж, эрхийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорьдог билээ. Наадмын нээлтийн ажиллагаа төв цэнгэлдэхэд болдог бөгөөд тус улс эртний түүх соёл, ёс заншилыг харуулсан тусгай үзүүлбэрийг сонирхуулдаг юм. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга болон парламентийн гишүүд оролцохоос гадна урлаг, спортын алдартнууд үзэж сонирхдог билээ. Монголчууд наадамд зориулж, үндэсний хувцсаараа гангарч, хэдэн жилийн өмнөөс “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулах болжээ. Энэхүү наадамд жуулчид, гадаадын иргэд оролцох боломжтой юм.
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 806 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойд зориулж, тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлж, наадам эхэлснийг ард түмэндээ мэдэгдэж, төв цэнгэлдэхийн голд байрлах есөн цагаан тугт хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгч нум сумын асарт морилж, дуут сум тавьжээ. Наадмын нээлтийн тухайд соёл урлагийн тоглолт, дуу, бүжиг голлосон байв. Их Монгол улсын үүсгэн байгуулагч Чингис хаан болон түүний баатрууд үзүүлбэр үзүүлсэн нь хамгийн анхаарал татахуйц байлаа.
Наадам 2010 онд “UNESCO”-ийн Хүн төрөлхтний биет бус өв соёлын өвийн жагсаалтад багтсан билээ.
Хятадын “www.china.org.cn” сайт: Эрийн гурван наадам дэлхийн наадам боллоо
Монгол Улсад эрийн гурван наадам эхэллээ. Энэ наадам олон жилийн өмнөөс зохион байгуулагдах болжээ. Монголчууд Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 806 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж, баярлан наадаж байна. Эрийн гурван наадамд зориулан томоохон хэмжээний урлагийн наадам зохион байгуулагддаг юм. Төв цэнгэлдэхийн төвд цайвар, бараан зүсний морьтой хүндэт харуулууд Есөн цагаан тугийг байршуулснаар албан ёсоор наадам эхэлснийг бэлгэддэг аж. Наадмын нээлтэд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлдэг уламжлалтай. Тэрбээр ард түмэн болон дэлхийд олон оронд тархан суурьшиж, ажиллаж, амьдарч буй монголчууддаа баяр хүргэдэг юм. Ерөнхийлөгч “Эрийн гурван наадам дэлхийн наадам боллоо” хэмээн хэлжээ.
Ц.Элбэгдоржийг ийнхүү хэлсний дараа урлагийн тоглолт болдог бөгөөд олон хүн нээлтийг үзэхийн тулд өндөр үнээр тасалбар худалдан авдаг. Мөн Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаг тутам шинэ шинэ мэдээллийг иргэдэд хүргэдэг ажээ. Хүчит бөхчүүд нээлтийн ажиллагааг болсон цэнгэлдэхэд зодоглодог бол сур харваа, шагай харваа цэнгэлдэхээс холгүй байрлах тусгай байруудад зохион байгуулагддаг юм. Харин бүх насны хурдны морины уралдаан Хүй долоон худагт болж, хамгийн хурдан шандаст хөлгөө тодруулдаг билээ.
Энэхүү баярыг XIII зуунаас тэмдэглэн ирсэн гэдэг.
Энэтхэгийн “www.itimes.com” сайт: Наадмын хүндэт зоог хуушуур юм
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар өнгөрсөн сарын 16-18 өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж, томоохон салбаруудад хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ. Тэгвэл Ерөнхий сайдын айчилсан Монгол Улсад Эрийн гурван наадам хэмээн нэрлэсэн үндэсний баяр наадам зохион байгуулагдаж байна. Түүх, соёлыг шигтгэсэн энэхүү баяр долоодугаар сарын 11-13 өдрүүдэд болдог. Наадмын нээлт нийслэл Улаанбаатар хотноо байрлах төв цэнгэлдэхэд зохион байгуулагддаг бөгөөд, нээлтийн ажиллагааны үеэр тус улсын урлагийнхан зөвхөн үндэсний урлагын үзүүлбэр үзүүлж, олон түмнийг баярлуулдаг юм.
Монголчууд өнөөдөр Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 806 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэхүү наадмын үеэр хүчит бөхчүүд барилдаж, хурдан морь уралдаж, нум сум харвадаг юм.
Жилээс жилд тус наадмыг үзэхээр олон орноос олон сая жуулчин ирдэг аж. Монголчууд Эрийн гурван наадмаас гадна, Цагаан сар хэмээн нэрлэсэн баярыг олон хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлж, ахмад настан, багш нартаа хүндэтгэлд үзүүлдэг. Энэхүү баярын зоог бууз бол наадмын хүндэт зоог нь хуушуур юм.
Вьетнамын “www.vietnamnet.vn” сайт: Наадам үзэхээр олон вьетнамууд Улаанбаатарт иржээ
БНХАУ-ын хөрш Монгол Улсад Эрийн гурван наадам зохион байгуулагдаж байна. Энэхүү наадмыг үзэхээр олон Вьетнам иргэд нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ. Эрийн гурван наадам нь тус улсын үндэсний баяр юм. Үндэсний баяраараа монголчууд хүчит бөхчүүдийг барилдааныг шимтэн үзэхээс гадна хурдан морь, сур харвааг үзэж, хурд хүчийг нь шалгадаг байна.
Наадмын үндсэн зоог хуушуур, айраг юм. Нээлтийн ажиллагаа жил болгон цэнгэлдэхэд зохион байгуулагддаг бөгөөд олон зуун хүнийг оролцуулсан тусгай урлагийн үзүүлбэрийг үзүүлдэг.
Их Британийн “www.dailymail.co.uk” сайт: Монголчууд наадмаар үндэсний хувцсаараа гангардаг
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо уламжлалт баяр Эрийн гурван наадам эхэллээ. Энэхүү баяраар үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан болон эрхий мэргэн харваа зохион байгуулагддаг юм. Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улсын 806 жил, Ардын хувьсгалын 94 жилийн давхар ой тохиож байна. Улаанбаатар хотноо байрлах цэнгэлдэхэд наадмын нээлт болгон урлагийн тоглолт зохион байгуулагддаг юм. Тус улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ард түмэндээ хандан үг хэлснээр наадам албан ёсоор эхэлсэн хэмээн үздэг.
Монголчууд үндэсний хувцсаараа гангарахаас гадна хуушуур, айраг ууж тэмдэглэдэг. Эдгээр хоол, хүнс нь үндэсний хоол юм. Олон жилийн түүхтэй энэхүү баярыг үзэхээр олон жуулчин иржээ.
Бөх, сур, шагайн харваа Улаабаатар хотноо зохион байгуулагддаг бол хурдны морины уралдаан Хүй долоон худагт тусгайлан бэлдсэн талбайд болдог уламжлалтай юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ