Р.Гончигдорж БНСУ-ын Гёнги мужийн захирагчтай уулзлаа
2015-07-16

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюнг Пил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж буйд баяртай байгаагаа хэлээд, Монгол, Солонгосын харилцааны хөгжлийн төлөө тэр дундаа Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудыг дэмжин ажиллаж байгаа ноён Нам Кюнг Пилд талархал илэрхийлэв.

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги мужийн захирагч Нам Кюнг Пил Монгол Улсын Их Хурлын дэд даргыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дагалдан яваа хүмүүсээ танилцуулав. Тэрээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж өнгөрсөн жил зохион байгуулагдсан Монгол, Солонгосын эдийн засгийн форумд оролцож, хоёр орны эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санаачилга дэвшүүлж байсанд талархал илэрхийлэв.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээнд төлөөлөгчид тогтмол харилцан солилцож ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа дуулгав. Тэрээр 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйд баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцааны бат бэх суурь бий болсныг тэмдэглэж, энэ оныг хоёр орны харилцааг дараагийн 25 жилд хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлох онцгой жил болно гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Мөн Монгол, Солонгосын харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал хэмээн онцлов. Энэхүү ажлын хүрээнд хоёр орны боловсролын салбарт тодорхой ажлыг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа хэлэв. Тухайлбал, Мэдээлэл технологийн /IT/ сургууль байгуулах, монголын инженерийн чиглэлийн боловсон хүчнийг Солонгост бэлтгэх, мөн БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

 

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс Ардчиллын 25 жилийн ойг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэх бөгөөд уг арга хэмжээнд БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мен Багыг урьсныг дуулгаад мөн арга хэмжээний нээлтийн үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ видео мэндчилгээ дэвшүүлэхийг манай улсын Ерөнхийлөгч тусгайлан хүссэн тул уг хүсэлтийг Хөх ордонд уламжилж, хамтран ажиллахыг хүслээ.

 

Гёнги мужийн захирагч Нам Кюнг Пил Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн видео мэндчилгээ дэвшүүлэх асуудлыг холбогдох албаны хүмүүстэй нэн даруй холбогдож, арга хэмжээ авч ажиллах болно гэдгийг дуулгаад цаашид хоёр орны боловсролын салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжлав.

 

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин