Афинд онц байдал зарлахаа мэдэгдэв
2015-07-16

 

Грекийн Засгийн газар дампуурлаа зарлахаас эмээж, иргэдийнхээ саналыг үл тоон Европын холбоонд үлдэхээр боллоо. Тус улсын парламентийн гишүүд өнөөдөр тэтгэврийн нас болон татварыг нэмэгдүүлэхийг тусгасан эдийн засгийн хатуу бодлогын хуулийн төслийг дэмжсэн юм. Ийнхүү тус улсын иргэдийн тэтгэвэрт гарах нас 67 боллоо. Засгийн газрын дээрх шийдвэрээс болж, Үйлдвэрчний эвлэл, иргэний төлөөх байгууллагын 100 мянган гишүүн Афин хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд даралттай ус ашиглаж байгаа бол жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглахыг Ерөнхий сайд Алексис Циприс хоригложээ. Тэрбээр Засгийн газраа хүндэтгэж эсэргүүцлээ зогсоохыг жагсагчдад уриалж, шаардлагатай гэж үзвэл Афинд онц байдал тогтоохоо мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Циприс “Грект дахин нэг хямрал хэрэггүй. Та бүхний сонголтыг хүндэтгэхийг хүссэн ч бүх зүйл эсрэгээрээ эргэчихлээ” гэж хэлжээ.

 

Энэ сарын 7-нд грекчүүд “Грек, Европын холбооноос гарч, бие дааж эдийн засгийн хямралаа шийдвэрлэх үү?” эсвэл “Зээлдэгчдийн санал болгож буй шинэ зээлийг авч, бүсээ чангалах уу?” гэх асуултад хариулсан юм. Сонгогчдын 60.3 хувь нь “Тийм” хэмээж Грекийг Европын холбооноос гарах хэрэгтэй гэжээ. Харин удирдлагууд иргэдийнхээ саналыг хүчингүйд тооцож, өчигдөр Грекийг Европын холбоонд үлдэхээр болсныг зарласан юм. Ирэх амралтын өдөр Грекийн удирдлагууд эдийн засгийн хямралаас гарах шинэ төлөвлөгөөгөө Европын холбоонд танилцуулах билээ. Энэхүү саналыг гол зээл олгогч Европын холбоо, Европын төв банк, Олон улсын валютын сан хүлээн авбал тус улсад ойролцоогоор 86 тэрбум еврогийн зээл олгох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин