Улсын начин Э.Дашид дэслэгч цол олгожээ
2015-07-18

 

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амжилт үзүүлсэн дараах тамирчдыг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, “Дайчин алдар-1” медалиар үндэсний баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын гавъяат дасгалжуулагч” цол хүртсэн “Алдар” спорт хорооны боксын дасгалжуулагч А.Гантулга, “Дайчин-Алдар-2” медалиар үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд зургаа тавж Монгол Улсын харцага цол хүртсэн Б.Одгэрэл нарыг шагналаа.

 

Мөн “Эх орны төлөө-1” хүндэт тэмдэгээр Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн С.Энхтунгалаг, Монгол Улсын мэргэн цол хүртсэн Б.Батбаатар, “Эх орны төлөө-2” хүндэт тэмдэгээр Урианхай харваанд  түрүүлж, “Монгол Улсын мэргэн” цол хүртсэн Б.Хатансайхан, “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэгээр Монгол Улсын начин цол хүртсэн Э.Даш, хурдан морины уралдаанд азаргаа аман хүзүүдүүлсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн уяач О.Батболд нарыг шагнасан юм.

 

Харин ЗХШЖ-ын дарга, хошууч генерал Д.Даваа дээрх тамирчдыг хүлээн авч уулзахдаа эрийн гурван наадмын бүх төрөлд нь амжилттай оролцсонд нь баяр хүргээд амжилт гаргасан тамирчин бүрт алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт дурсгал болгон үлдээсэн юм.  ЗХЖШ-ын даргын удирдах зөвлөлийн шийдвэрээр Улсын харцага цол хүртсэн, дэслэгч Б.Одгэрэлд  “Ахлах дэслэгч” цол,  Улсын начин цол хүртсэн, дэд ахлагч  Э.Дашид “Дэслэгч” цол олгов.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин