Бурхан багшийн дүйчэн өдөр тохиож байна
2015-07-20

 

Өнөөдөр зуны сүүл сарын шинийн дөрвөний өдөр. Энэ өдөр "Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн" дүйчэн тохиож байна.

 

Энэхүү дүйчэн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл, хилэнцийн үйлийг санан санан хорьж, боомтилдог ажээ.

 

Алив хүн буянд шамдаж, хилэнцийг тэвчие хэмээвээс 10 хар нүгэл гэж ямар үйлүүд болохыг мэдэх хэрэгтэй ба ийнхүү мэдснээр нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг дэлгэрүүлэхэд тустай аж.

 

10 ХАР НҮГЭЛ гэж юу вэ

 

Биеэр үйлддэг гурав:

 

1. Амьтны амийг таслах

 

Өчүүхэн жижиг өт хорхойноос эхлээд оюун ухаант хүн гээд хэнд ч өөрийн амьнаас илүү үнэт зүйл үгүй билээ. Тиймээс амьтны амь таслах нь маш хилэнцэт үйл тул түүнийг цээрлэж харин боломж гарвал амьтны амийг аварч өршөөх нь биеэр үйлдэх буяны үйл болой. 

 

2. Эс өгснийг авах

 

Хулгай хийх, хуурч залилж авах, дээрэмдэж авах, магтаж онгироож авах зэрэг нь эс өгснийг авах гэсэн нүглийн үйл юм.

 

3. Буруу хурьцал

 

Ёсолсон эхнэр, нөхөртэй үнэнч бус байх, сүм хийд, олон нийтийн газар, Бурхан шүтээний өмнө, ижий аавынхаа дэргэд, хурьцал үйлдэх нь буруу хурьцал юм. 

 

 

Хэлээр үйлддэг дөрөв:

 

1. Худал хэлэх

Өөрт ашигтай ч бай, ашиггүй ч бай, том ч бай, жижиг ч бай худлаа ярих нь нүглийн үйл юм.

 

 

2. Ширүүн үг

Бусдыг дайрч доромжлох, харааж зүхэх, хашгичаж загнах нь ширүүн үгийн хилэнц юм. Харин аядуу зөөлөн өгүүлж, өөдрөг сайхан, үнэн зөв үгээр бусдад урам хайрлаж, сэтгэл санааг нь засах нь яруу өгүүлсэн буян болно.

 

3. Хов зөөх

Хов зөөснөөр бусдын эв эе эвдэрч. хэрүүл тэмцэл гардаг тул энэхүү хэлний хилэнцэт үйлийг тэвчиж, харин ч бусдын нууцыг хадгалж, бусдыг эвсүүлж, найрамдуулж үйлдээрэй. 

 

4. Дэмий чалчих

 

Өөрийн болон бусдын тусыг бүтээх алтан цагийг дэмий хоосон зүйл ярьж үрэх нь дэмий чалчих нүгэл юм. Тиймээс энэхүү алтан цагаа сурч боловсрох, бусдад туслах, ажлаа сайн хийж гүйцэтгэх зэрэг сайн үйлсэд зориулаарай.

 

 

Сэтгэлээр үйлддэг гурав:

 

1. Хорлох сэтгэл

Бусдад хонзогнох, бусдыг ямар нэг байдлаар хорлох сэтгэлийг агуулж, хорсол, үзэн ядалт тээж явах нь хорлох сэтгэлийн хилэнцэт үйл юм.

 

2. Хомхой сэтгэл

Бусдын эд баялаг, алдар нэр, гоо сайхан, амжилтанд шунан атаархаж, түүнийг нь булаан эзэрхийлэхийг хүсэх нь хомхой сэтгэлийн хилэнц юм. 

 

3. Буруу үзэл

Буруу үзэл гэдэг нь чухаг дээд 3-ыг үгүйсгэх, үйлийн үрийг үгүйсгэх, урьд, хойд насыг үгүйсгэх, муу сэтгэлийг ялан дийлж, сайн сэтгэлийг дадуулан хөгжүүлж төгс гэгээрлийг олох зэргийг үгүйсгэхийг хэлж буй юм. Буруу үзэл төрсөн хүн бусад 9 нүглийг зөв үйл хэмээн эндүүрдэг тул 10 хар нүглийн хамгийн хүнд нүгэл болдог. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
om ma ni bad mai hom
2015-07-20
зочин:
эдгээр 10 хар нүгэлийн хэлээр үйлддэг дөрөвийг хийгээгүй хүн ховор байхаа,сайн муу нийлж байж сав дүүрдэг орчлон шүү дээ.Хүн бүр үнэн ярьдаг бол сайхан л байна.ядаж бурхан багшийнхаа дүйчин өдөр буян сайн хурааж,муу муухай болгоноос нэг өдөр ч болтугай татгалзъя даа
2015-07-20
Зочин:
zassaj tanaj oruulsan medeeg ter chigt ni huulaad awhiimaa. uursduu ydaj zasaad ynzlaad medee hiij boldgvi mu
2015-07-20