Грект тусламж үзүүлнэ
2015-07-20

Өнгөрсөн амралтын өдөр Грекийн эдийн засгийн асуудлаар Европын холбооны удирдлагууд видео хурал хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Видео хурлын үеэр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас оролцогч, гол зээлдэгчдээс дахин зээл олгохыг хүсчээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хурлын дараа Грек улсад гурван тэрбум еврогийн зээл олгох бодолтой байгаагаа мэдэгдэж “Мэдээж хэрэг бид зүгээр мөнгө өгөхгүй. Бид харилцан гэрээ байгуулах болно. Грек, Европын холбоонд үлдэхээр болсон. Тиймээс бид ч гэсэн та бүхэнд итгэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Ирэх долоо хоногт Грекийн Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах шинэ төлөвлөгөөгөө гол зээлдэгчдэд танилцуулах билээ. Энэхүү төлөвлөгөө гол зээлдэгч буюу Европын холбоо, Евро комисс, Европын төв банк, Олон улсын валютын санд таалагдвал тус улсад ойролцоогоор 86 тэрбум еврогийн зээл олгохоор тохиролцоод байгаа аж. “Энэхүү зээлийг авахын тулд бүхнийг хийх болно” гэж Ципрас ард түмэндээ мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол бидний эцсийн боломж. Алдах учиргүй” гэжээ.

 

Грекийн Засгийн газар дампуурлаа зарлахаас эмээж, иргэдийнхээ саналыг үл тоон Европын холбоонд үлдэхээр шийдсэн билээ. Өнгөрсөн баасан гаригт парламентын гишүүд тэтгэврийн нас, татварыг нэмэгдүүлэхийг тусгасан эдийн засгийн хатуу бодлогын хуулийн төслийг дэмжсэн юм. Ийнхүү тус улсын иргэдийн тэтгэвэрт гарах нас 67 болжээ. Энэхүү шийдвэрийн дараа Афин хотноо олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, иргэдийнхээ саналыг хүндэтгэхийг шаардаж, шинэ зээлдэгчидтэй гэрээ байгуулахыг шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин