Монгол, Японы цэргүүдийн хамтарсан сургуулилт эхэлжээ
2015-07-20

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан сургалт дадлага явуулахаар болжээ. Энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заах юм байна.

 

Хамтарсан сургалтын нээлтийн ажиллагаа өнгөрсөн ням гаригт Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид болжээ. Уг ажиллагаанд Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, Японы Өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуулийн захирал, хошууч генерал Косэ Микио, Японы Батлан хамгаалах яамны Олон Улсын бодлогын хэлтсийн дарга Ёошида Масанори нар ирж оролцсон байна. Харин Монгол талаас хамтарсан сургуулилтын нээлтийн ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам болон Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа П.Жаргалан, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Л.Гансэлэм нарын удирдлагууд оролцжээ.

 

Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн 15 гаруй инженерүүд манай Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчдад зам барих арга барилаа өнөөдрөөс эхлэн зааж байна. Ингэхдээ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн орчимд 200 метр замыг дадлага болгон хамтран барихаар сургуулилтаа эхлүүллээ. Хамтарсан сургуулилт ирэх есдүгээр сарын 15-нд өндөрлөнө.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
erka:
Sain syr
2015-07-21