Алслагдсан бүсийн иргэдийг дэмжсэн төсөл боловсруулжээ
2015-07-21

С.Бямбацогт нарын 16 гишүүн алслагдсан бүсийн ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн хуулийн төсөл боловсруулж Засгийн газраас санал авахаар илгээжээ. Манай улс өргөн уудам нутаг дэвсгэртэй ч нийслэл хотдоо хэт төвлөрөл үүсч хүн амын бараг тал хувь нь амьдарч байна. Хөдөөд ажлын байр хомс, амьжиргааны өртөг зардал өндөр байдгаас хотыг чиглэсэн их нүүдэл хөвөрч, үүний улмаас гэр хороолол өргөжиж, агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болсон. Харин хөдөөд ажиллаж амьдрах орчныг нь дэмжээд өгвөл нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй байгаагаа иргэд уламжилдаг. Энэхүү хүсэлтийг бүсийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх замаар төрөөс шийдэх боломжтой хэмээн үзэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байна.

 

           Ингэснээр ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл, татвараа төлж буй иргэдийн төлөх хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт бол гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих боломжтой гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ. Өмнө нь санаачилсан хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэхгүй хэдэн жилийн нүүр үзэж байгаа бөгөөд гишүүд дахин боловсруулж өргөн барьж байгаа юм.

 

ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд аймгийн төв нь 600 км-ээс хол алслагдсан 8 аймагт / Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл/ байнгын үйл ажиллагаа явуулан 3-аас доошгүй ажлын байр бий болгосон / нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 3 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлөх, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх
Ингэхдээ ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн үйл ажиллагаа хөнгөлөлтөд хамаарахгүй.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10,8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх 8 аймгийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

 

ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд нийслэлээс аймгийн төв нь 600 км-ээс илүү хол алслагдсан аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэнд ногдох Хувь хүний орлогын албан татвараас 50 хувь, 1000 км-ээс алслагдсан бол 90 хувь хөнгөлөх, бусад аймагт оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа иргэний Хувь хүний орлогын албан татвараас 20 хувь тус тус хөнгөлөхөөр тусгасан байна.

 

2014 оны төсвийн гүйцэтгэлээр Хувь хүний орлогын албан татварын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварт 479,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Энэ нь нийт татварын орлогын 9.3 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 7.6 хувийг эзэлж байна. Нийслэлээс аймгийн төв нь 600 км-ээс илүү хол алслагдсан дээрх аймгуудын иргэд 2014 онд нийт 46,2 тэрбум төгрөгийн хувь хүний орлогын албан татвар төлсөн бол бусад 13 аймгийн иргэд 127 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Дээрх татварын хөнгөлөлтийг эдлүүлснээр төсөвт орох хувь хүний орлогын албан татварын орлого 50 орчим тэрбум төгрөгөөр багасах тооцоо гарч байна. 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлэхэд оршино.

 

Мөн түүнчлэн хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан жилийн 84000 төгрөгийн татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тухай бүр Засгийн газар өөрчлөлт оруулж байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

Н.Нягт
 

Shuud.mn
Сонин хачин