Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээжээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг өчигдөр давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ. Уг хурлаар Н.Түмэндэмбэрэлийн ялыг хэвээр үлдээжээ. Харин н.Даваа, Б.Болор нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн Мөнхтуулыг жирэмсэн учир сулласан байна.
Н.Түмэндэмбэрэлд анхан шатны шүүхээс түүнд албан тушаалаа урвуулан ашиглаж, тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон бол “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор, Мөнхтуулд нарт хоёр жилийн хорих ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан юм.
Хэргийг эргэн сануулбал, 2012 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Сангийн яамнаас Н.Түмэндэмбэрэлийн эзэмшлийн “Лабтех” компанийн данс руу нэг тэрбум 735 сая төгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат Шастиний нэрэмжит III эмнэлэгт нийлүүлэхэд зориулан шилжүүлсэн. Шилжүүлж авсныхаа дараа “Саммитмедикал сервис” компанийн данс руу нэг тэрбум 720 саяыг нь шилжүүлж, тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл Н.Түмэндэмбэрэл нь бусадтай үгсэн хуйвалдаж өөрийнхөө компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн хэрэгт буруутгагдаад ийн шүүхээр шийтгүүлээд байгаа юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ