Ослын газраас зугтсан жолоочийг таван жил хорино
2015-07-22

Улиастайн замд явган зорчигч М /эр.15н/-ийг мөргөж гэмтээгээд, хэргийн газрыг орхиж явсан хэргийг Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, суудлын автомашины жолооч Ө болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Зам тээврийн хэрэг, осол гаргасан тохиолдолд сандарч, балмагдан хэргийн газрыг орхин явж өөрт хүлээлгэх хариуцлагаа улам хүндрүүлсээр байна. Эрүүгийн хуулийн


216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах


216.1. Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.


216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Shuud.mn
Сонин хачин