Буудай хураах уу, Бурмаа сайд аа
2015-07-23

 

Р.Бурмаа сайд нижгэр нааджээ. Хүй долоон худгийн дэнжийг хотойтол наадсан гэдгийг яамных нь албан ёсны цахим хуудаст байрлуулсан мэдээ, зургаас харж болно. Сайдын гал гаднаа туг далбаа, усалгааны систем, том оврын буюу 165 морины хүчин чадал бүхий трактор байрлуулжээ. Орсон, гарсан гадаад дотоодын зочдод уртын дуу сонсгож, морин хуурын татлага татаж сонирхуулахын зэрэгцээ энэ жил зуншлага сайнгүй ч 486.6 мянган га-д тариалалт хийснээ сонирхуулж ярьсан байна.

 

Гэхдээ дэнж хотойтол наадсан сайд тариалангийн талбайд байдал сайнгүй байгааг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Яг сарын өмнө “Бурмаа сайд ирвэл бороо удахгүй орно” гэж тариаланчид ярьж байна гэх сайрхсан мэдээлэл гарч байв. Энэ зун их халуун байх төлөвтэй байсан тул үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам Ус цаг уур, орчны шинжилгээний газартай хамтарчээ. Ингэхдээ гандуу байгаа тариалангийн томоохон нутагт үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан юм байна. Гэхдээ олонх нь үүлээ оноогүй, улмаар пуужин нь дууссаныг хэвлэлээр цаг тухайд нь мэдээлж байсан. Гандуу нутгаас улаанбуудай хураахгүй, тэгэхээр гурилаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүй, цаашлаад гурил үнэтэй болох сураг ч байна. Эртнээс гурилаа нөөцөлж авах санаатай айлууд байгаа гэх. Иргэдийн өргөн хэрэглээ болох гурилаа дотооддоо үйлдвэрлэж чадахгүйд хүрвэл бурууг Р.Бурмаа сайдаас нэхэж таарна. Төсвийн мөнгөөр наадамлаж, хүн хүчний нөлөөгөөр бороо оруулж наадсаны гай хаяанд иржээ. “Энэ зун бороо оруулсан нам л ирэх сонгуульд ялна” гэсэн явган яриа хаа, сайгүй гарсан. Энэ үг Р.Бурмаа сайдын чихэнд эртнээс хүрч, улсын мөнгөөр баруун, солгойгүй үүл буудуулсан байх. Гэвч үр дүн гараагүй учраас ирэх сонгуулийн дүнгээр яаж  бол.

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цаг агаарын байдал хүндэрч, энэ жил, ирэх жил энэ яамны ажил будаа болох нь, сайдыг дагадаг сүгсэлзүүрүүд их болсон гэсэн. Эд нарын ажиллдаг гэж хаашаа харсан юм байдаг юм. Боловсрол багатай, хүн дагадаг бялдууч нар нь үлдсэн байна билээ.
2015-07-23