Хөвсгөл аймгийн ААН-үүдэд шалгалт хийжээ
2015-07-23

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөвсгөл аймагт ажиллаж, усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.

 

Шалгалтад Хөвсгөл аймагт усан замын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл усан зам”, “Ашихай”, “Тосгол”, “Хөвсгөл трэвел”, Монгол нуур” компани, нэр бүхий 14 иргэн, 28 тээврийн хэрэгсэл хамрагдсан байна. Дээрх байгууллагууд тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд 9-29 хувь буюу бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2011 онд хийсэн шалгалттай харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл, найдвартай ажиллагаа сайжирсан, 6-18 хүний суудалтай, тохилог онгоцны тоо хоёр дахин өсч 28 болж нэмэгдсэн, 1-2 хүний суудалтай завиар зорчигч авч явахаа үндсэндээ зогсоон аврах ажиллагаанд ашигладаг болсон зэрэг ололттой талууд олон байжээ.

 

“Хөвсгөл усан зам” компаниас бусад байгууллага усан замын тээврийн хэрэгсэлд техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, тээврийн хэрэгсэлдээ техникийн үйлчилгээ, засвар хийх үечлэл, норм, норматив тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Мөн тээвэрлэлтийн замын чиглэл, маршрутаа эрх бүхий байгууллагаар албан ёсоор тогтоолгоогүй, аврах хантааз нь өмсөх зааваргүй, “Ашихай” компанийн усан онгоцны зогсоол аюулгүй ажиллагааны шаардлагад нийцээгүй, стандартын дагуу төхөөрөмжлөөгүй, орох гарах зам гэрэлтүүлэггүй байжээ.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин