Суданыг зорих мотобуудлагынхан тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгт, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий цэргийн зориулалтын командлагч, бригадын генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ОБЕГ-ын дарга, хурандаа Г.Ариунбуян болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн хурандаа Б.Баатар ажиллана.
Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа хангаж ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо.
Мотобуудлагын батальоны V ээлжийн бүрэлдэхүүний 11.8 хувийг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын офицер, ахлагч нар бүрдүүлжээ. Мөн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо 38 буюу нийт бүрэлдэхүүний 4 хувийг эзэлж байна.
Нийт цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Давхардсан тоогоор Ирак, Косово, Афганистан Улс дахь олон улсын ажиллагаа, Сьерра Леон, Хойд Судан, Өмнөд Судан, Чад Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчид аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ