НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчтой уулзав
2015-7-28

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтманыг өнөөдөр /2015.07.28/ хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд Монгол Улсад тавтай морилохыг хүслээ.

 

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман УИХ-ын даргад цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд нь талархлаа илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний мэндчилгээг уламжилсан юм. Тэрбээр, НҮБ-ыг төлөөлж Монгол Улсын түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээнд оролцохоор ирж буйдаа баяртай байгаагаа мөн илэрхийлсэн. Ноён Жеффри Фелтман, Монгол Улс ардчилсан парламент, олон намын системийг цогцлоосон орон хэмээгээд энэ үйл хэрэгт Улсын Их Хурал их үүрэг гүйцэтгэсэн болохыг онцолсон юм. Түүнчлэн НҮБ Монголын ард түмэнд их зорилгодоо хүрэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн буйг дурдаад олон улс, бүс нутагт аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

 

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн энэ оны сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлсэн талаар эрхэм зочин дурдаад цөөн хүн амтай ч гэсэн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр, уулзалтын төгсгөлд Монголын ард түмэн тайван замаар шилжсэн ардчиллын үнэ цэнийг өндрөөр үнэлдэг гэдэгт итгэж байна хэмээгээд Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явагдсан түүхэн үйл явдлын 25 жилийн ойн арга хэмжээнд амжилт хүслээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин