Хадлан эхэллээ
2015-07-29

Баян-Өлгий аймгийн малчид өвлийн бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэ талаар тус аймгийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар энэ тухай мэдэгдэхдээ"Найр наадам шувтраад, намрын улирал эхэлж байна. Тус аймгийн нийт нутгийн наян хувьд бэлчээр, хадлангийн ургац гайгүй сайн байгаа. Малчид уулын хадлан хурааж эхэлсэн" гэв.

 

Уулын хадланг малчид ганц нэгээр хот айлаараа бэлтгэж эхэлдэг бол голын хадланд наймдугаар сарын 10-15-наас баг, сум, аймгаараа орж, есдүгээр сарын нэгэн гэхэд дуусгах аж.

 

Тус аймгийн хувьд өнгөрсөн 2014 онд 60744 тонн өвс бэлтгэсэн бол энэ онд түүнээс дутуугүй хадлан бэлтгэхээр төлөвлөж байгаа аж.

 

Үүний хажуугаар мал сүргийг угаах, туулгалт хийх, вакцинжуулах зэргээр шимэгчдийг нь устгаж арилгах ажлыг шат дараалалтай зохион байгуулахаар болжээ.

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин