Бусдын нүдийг будгаар хуурсан нь
70 саяын үнэтэй усан хөшиг нээлтээ хийсны маргааш эвдэрсэн гэдэг. Гэтэл өнөөдөр усан хөшигийн усыг хаажээ. Энэхүү “усан хөшиг” нь хөрсний усыг тусгайлан бэлдсэн цоргоор буцаж гол руу гоожуулах системтэй. Одоогоор нээлтээ хийгээд хэдхэн хонож буй усан оргилуурынх нь ус нь цацрахаа больсон байна. Учир юу вэ гэвэл, усан хөшигийн трубануудын гагнааснаас нь ус шүүрч эхэлжээ.
Тиймээс усан хөшиг хийсэн “Хан урсгал” компанийн ажилтнууд гагнаас бүрийг Солонгос улсад үйлвэрлэсэн шүршдэг будгаар шүршиж байхтай таарлаа. Гэхдээ зөвхөн гагнаасыг гэж тодотгох хэрэгтэй болов уу.
Яагаад зөвхөн трубаны гагнаас хэсгийг нь будаж байгаа юм бэ, өнгө алдсан, энд тэндээ зэвэрсэн энэ трубагаа бүгдийг нь будаж болдоггүй юм уу гэж “будагчин” хоёр залуугаас асуухад “Бид нар яаж мэдэх вэ, хурдан буд л гэсэн. Тэр дарга нараасаа асуухгүй юу” хэмээн уцаарлав.
Харин миний хажууд зогсож байсан өвөө “Усны хоолойны гагнаасаар нь ус шүүрээд байгаа бололтой. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг, бусдын нүдийг хуурч энэ боронзон өнгийн будгаар будаж байх шив” хэмээн ширүүн хэлээд авна лээ.
Нээрээ ч, боронзон өнгө өөрөө усны өнгө учир хальт харсан хүнд ус нь шүүрч байгаа харагдахгүй. Харин сайн анзаарвал усан хөшиг маань энд тэндээ шүүрч байгаа нь харагдах аж.
Ямартаа ч, нийслэлчүүд бид 70 сая төгрөгийн үнэ усан хөшигтэй болно гэхэд нь гадны орнуудын шиг “тансаг” хөшгийг бодож байсан. Харин энэ талаар өнгөрсөн бололтой.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ