Малайзын Засгийн газар АНУ-аас тусламж хүсчээ

Малайзын Засгийн газар Украины зүүн хязгаарт осолдсон “МН17” онгоцны буруутанг олохын тулд америкчуудаас туслалцаа хүссэн гэж “TASS” агентлаг мэдээллээ. Уг онгоцны ослоор 295 хүн амиа алдсан юм. АНУ, Их Британи тэргүүтэй орнууд ослыг Оросын захиалгаар салан тусгаарлагчид үйлдсэн хэмээн буруутгаж, эдийн засгийн хориг тавиад байгаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “МН17”-ийн ослоор олон хүн амиа алдсан. Үнэхээр харамсалтай. Би энэхүү ослын буруутанг олоход туслалцаа үзүүлмээр байна” гэсэн бол Малайзын Ерөнхий сайд Нажаб Разак “МН17” ослын буруутанг жилийн турш хайсан ч олж чадсангүй. Энэ ослын ард хэн ч байсан бид хуулийн дагуу шийтгэх болно” гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэхүү хэрэгт оролцох сонирхолгүй байгаагаа Британийн “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурдсан билээ.
Энэ сарын 14-нд Малайзын Засгийн газар буруутанг олохын тулд олон улсын шүүхэд хүсэлт гаргасан. ОХУ-ын Гадаад хэргийн яам “МН17”-ийн ослыг Орос захиалаагүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэн байна. Харин зүүн хязгаарт хяналтаа тогтоогоод буй салан тусгаарлагчид Украины арми “МН17” онгоцыг “Бук” хэмээх пуужингаар харвасан гэжээ.
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн амралтын өдөр “Оросын цэргүүд “МН17” онгоцыг сөнөөсөн. Бидэнд хангалттай баримт байгаа. Энэхүү баримтыг шүүх хурлын үеэр олон нийтэд танилцуулах болно” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ