36 хилчин энхийг сахиулах ажиллагаанд оролцоно
2015-07-29

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний Мотобуудлагын батальоны тавдугаар ээлжинд 850 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор тун удахгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсыг зорино.  Тэгвэл энэ ээлжинд эх орныхоо хил хязгаарыг сахин хамгаалах үүрэгтэй 36 хилчин оролцож, үүрэг гүйцэтгэхээр болжээ. Суданыг зорих албан хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх хүлээн авч уулзан үүрэг чиглэл өгч, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нь амжилт хүслээ. Эх  орон, ард түмэн, нийт хилчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, амжилттай биелүүлээд эргэн уулзахын ерөөл тавив.

 

Хилчид ийнхүү Монгол цэргийн нэр хүндийг өргөн НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, байгууламж, техник тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, аюулгүй байдлыг бэхжүүлэх үүргийг гүйцэтгэхэд бэлэн болоод байна.  

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин