Улстөрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой
2015-7-30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн олон улсын хүндэтгэлийн хуралд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

“Энд хуран цугласан  эрхэм хүндэт зочдынхоо амар амгаланг эрэн мэндчилье. Би та бүхний өмнө зогсохдоо  1990 оны долдугаар сарын 30-ны өдрийг нэхэн санаж байна. Тэр өдөр Ардчилсан хүчнийхэн бүгдээрээ сонгуулийн дүнг  тэсэн ядан хүлээж суулаа.  Дүн гарах үед бид  ялагдчихсан байсан.   Ардын Их  Хурлын 430 суудлын дөнгөж  74 -ийг нь, Бага хуралд 40 хүрэхгүй хувийн саналыг Ардчилсан хүчнийхэн авсан байсан юм.  Хэдий тийм ч бид маш ихээр баярлаж хөөрсөн. Яагаад гэвэл ардчилсан хүчин ялагдсан ч ардчилал ялсан юм шүү дээ.


Сая Ерөнхий сайд сайхан мэдээ хэллээ. Засгийн газраас жил бүрийн  долдугаар сарын 30-ныг  Бүрэн эрхт байдлын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэнд туйлын их баярлаж байгаагаа илэрхийлье.  Энэ бол бидний хувьд асар их утга учиртай зүйл юм. Монголчууд 300 жилийн дараа анх удаа 1990 оны долдугаар сарын 30-ндөөрсдөөтөр засгаа байгуулж, хэнээр  удирдуулахаа  шийдсэн явдал бол баярлаж хөөрөх ч багадахаар том ялалт байсан юм. 
Монгол төрийн хэргийг шийдэж  ирсэн  ЗХУ-ын Коммунист намын эрхшээл хамгийн сүүлд Монголыг удирдаж байсан Ю.Цэдэнбалыг Ж.Батмөнх гэдэг хүнээр  солих шийдвэрээр эцэс болж, монголчууд өөрөө өөрсдийнхөө асуудлыг мэддэг болсон цаг ингэж эхэлсэн билээ. Социализмын үед сонгууль болдог байсан. Гэхдээ  нэг л хүнд санал өгдөг сонголтгүй сонгууль өрнөдөг байлаа. Тэр бүү хэл нас барсан хүнийг сонгуулсан тохиолдол  тэдгээр он жилүүдэд байсан юм.Тэгвэл 1990 оны ардчилсан сонгуулиар АИХ-ын 430 суудалд улс төрийннамуудаас нэр дэвшсэн олон хүнээс иргэд  өөрсдийн итгэл үнэмшлээрээ сонголт хийсэн байдаг. 
Хамгийн гайхамшигтай нь бид ардчилсан сонгуулийг  тайван замаар хийж чадсанд бүх утга учир нь оршдог билээ.  Хүн төрөлхтний түүхийг аваад үзвэл дарангуйллаас эрх чөлөө рүү шилжихдээ ихэвчлэн хүчирхийллийн замаар туучсан байдаг юм.

 

Өөрөөр хэлбэл, хүчирхийллийг хүчирхийллээр өөрчилсөн түүх олон. Учир нь ардчилалд шилжих үйл явц нь өөрөө амаргүй, яаж ийгээд хүчирхийлэл рүү хальтирчих магадлал өндөртэй үйл явц. 1990-ээд онд дэлхийд өрнөсөн ардчиллын төлөөх үйл хэргүүд үүнийг бэлхнээ харуулдаг юм.  Сүүлд гэхэд л Арабын хувьсгал эцэстээ дарангуйлалд живсэн шилжилт болон хувирсныг бид нүдээрээ харсан.  Гэтэл Монгол Улс ардчилалд энхийн замаар шилжин орж чадсан нь яахын аргагүй бахархал мөн.


Монголд тайван аргаарардчилсан хувьсгалыг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бүх хүний гавьяаг  өнөөдөр үнэлэх ёстой.  Ардчилсан хувьсгалын удирдагч  С.Зориг агсан, одоогийн ЕрөнхийлөгчЦ.Элбэгдорж, энд суугаа Р.Гончигдорж, Да.Ганболд, Баабар гээд цөм тэр үед “Тайван замаар хувьсгал хийнэ” гэдэг байлаа. Үнэхээр ч тэр зорилгоо биелүүлсэн  найзууддаа “Та нар чадсан” гэдгийг хэлж, талархал илэрхийлэх ёстой.  Энд мөн Ж.Батмөнх гуайг дурсахгүй байж болохгүй. Монгол Улсад тайван замаар ардчилсан хувьсгал хийхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, сайн дураараа албан тушаалаа өгч, ардчиллын замд саад болоогүй, Монголын ардчилалд хаалга онгойлгож өгсөн хүн юм. Тухайн үед  бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Улс төрийн товчоонд ч өнөөдөр талархах ёстой. Мөн П.Очирбат гуай бол  гайхамшигтай  Ерөнхийлөгч байсан гэдгийг хэлэх нь зүйн хэрэг.  П.Очирбат гуай өөрийг нь магтахад дургүй л дээ. Гэхдээ зөвшилцүүлж чаддаг Ерөнхийлөгч байсан учраас ардчилал хүчирхийлэлгүйгээр оршин тогтносон  гэдгийг хэлэххэрэгтэй.  Мөн Д.Бямбасүрэн гуайд талархал илэрхийлье. Түүнчлэн энд суугаа Г.Очирбатгуайд хүндэтгэл үзүүлэх учиртай. Ардчилсан хувьсгалын он жилүүдэд тухайн үеийн эрх баригч МАХН-ыг ахалж явсан энэ  эрхэм ардчилсан Үндсэн хуулийг батлах үйлсэдөөрийн намаа удирдан оролцож,шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Эцэст нь тэр үеийн АИХ-ын 430 депутатад баярласнаа илэрхийлье гэж бодож байна. 76 хоног сууж хуралдан шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталсан та бүхэн  ардчиллын эцэг юм шүү.


Миний энгэрт Монгол Улсын баатрын тэмдэг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж надад энэ тэмдгийг зүүж өгөхдөө хэлсэн үгийг энд зориуд онцолъё  гэж бодлоо. Ерөнхийлөгч “Ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн баатруудад бүгдэд нь энэ тэмдгийг зүүж өгөх боломжгүй учраас чамаар төлөөлүүлэн өглөө шүү” гэж надад хэлсэн юм.  Тиймээс миний энгэрт байгаа баатрын тэмдэг та нарынх. Энэ танхимд  сууж байгаа ардчиллын партизанууд та нөхдийн минь тэмдэг юм шүү.


Эрх чөлөө гэдэг зүйлийг дэлхийн ард түмэн янз бүрээр л тайлбарлан хэлдэг байх.  Гэхдэээрх чөлөөний тухай монголчууд шиг  сайхнаар хэлсэн нь үгүй гэж би хувьдаа боддог. Монголчууд хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж хэлдэг ард түмэн.  Бид ийм л ард түмэнтэй учраас ардчилал ялсан юм. Тиймээс ардчиллын баатар нь монголчууд та нар өөрсдөө гэдгийг энд хэлмээр байна.


Хэдийгээр өнөөдөр бэлгэ дэмбэрэлтэй өдөр ч гэлээ сэтгэлээсээ нэг зүйлийг илэн далангүй хэлье. Улстөрчид хариуцлагатай байхцаг иржээ. Үгүй бол ардчилал өмнөө том сорилттой тулгарчихлаа. Учир нь монголчууд бид маш их байгалийн баялагтай ард түмэн гэдэг нь тодорхой боллоо.


Үнэндээ ардчилалд ард түмэн хэзээ ч гай болдоггүй. Ардчилал өөрөө ард түмэнд эрх мэдлийг өгдөг учраас үүнээс татгалздаг хэн ч байдаггүй.  Харин хувийн ашиг сонирхлыг урьтал болгосон, зөвхөн өөрийнхөө төлөө явсан улстөрчид л ардчилалд гай болдог юм.Ард түмнээс эрх мэдлийг нь салгаж, хувийн бизнесийн сонирхол болгох гэсэн улстөрчид ардчиллыг хөлдөө чирдэг. Уруу татдаг, хувийн сонирхлын үүднээс бусдыг буруу зүйлд турхирдаг. Энэ үзэгдэл нь баялаг ихтэй аливаа улс оронд цагаандаа гардаг. Өнөөдөр Монгол Улсад ийм  байдал бий болж болзошгүй харагдаж байна. 


Үнэн хэрэгтээ улс төр бол  байгалиасаа,  мөн чанарынхаа хувьд  нийтийн төлөө явах ажил мэргэжил юм. Хэрэв улстөрч хүн хувийн ашиг сонирхлын төлөө яваад эхэлбэл  сахил хүртсэн лам нүгэл үйлдэхтэй адил.  Тиймээс улс төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашигладаг төр байна гэвэл тэр нь Монголд хэрэггүй. Хамгийн гол нь улстөрчид улс төрийн байгалиас заяасан мөн чанарыг нь хувь хүнийхээ  ашиг сонирхолтойхутгавал ардчилал мөхнө.  

 

Ардчилал мөхвөл Монгол Улс  бүрэн эрхээ алдана.  Бидний асуудлыг дахиад хэн нэгэн шийддэг цаг үетэй нүүр тулна. Бидэнд ийм гашуун туршлага байсныг түүх бидэнд сануулдаг юм. Ийм нүгэлтэй зүйл рүү  дахин явахгүйн төлөө бид засаглалаа сайжруулж,  улстөрчдийн гай түйтгэрээс ардчиллаа хамгаалах ёстой.  Үүний тулд улстөрчид нь хувийн ашиг сонирхлоо хойш нь тавьдаг,  зөвхөн хүний төлөө ажилладаг байх хэрэгтэй байна.  Өнөөдөр улс төр бужигнаж, эдийн засаг хямарч,  ажилгүйдэл, ядуурал ихэсч байна. Үүнд л анхаарлаа хандуулж, ардчиллаа хамгаалах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм.

 

Та бүхэнд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
оройтсон бороо буюу сонгуулийн шоу:
60 хүрээд ухаан суудаг тэгээд 61-тэй чад хийдэг гэсэн монгол ардын хэлц үг байна биш үү тэгвэл та нар удахгүй гэдгээ мэдэж байна гэсэн үг шүү 2016 онд баяртай
2015-07-30