“NSA”-ийн шинэ булхайг илчлэв
2015-08-03

Лондон хотноо байрлах Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй Жулиа Ассанжийн үүсгэн байгуулсан “Wikileaks” сайт Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг буюу “NSA”-тай холбоотой дахин нэг ноцтой баримт дэлгэсэн тухай “www.sputniknews.com” мэдээллээ. “NSA” энэ удаад Европоос Азийг чиглэж, Их наран улсын Засгийн газрыг тагнаж байсан нь илчлэгдлээ. “Wikileaks” сайт өнгөрсөн сарын 31-ний өдрийн 21.00 цагт “Espionnage Elysee”/“Target Tokyo” гэх гарчигтай нэгэн материал нийтэлсэн байна. Энэхүү мэдээллээс харахад “NSA” агентлаг 2006 оны есдүгээр сараас эхлэн Японы Засгийн газар, өнөөгийн Ерөнхий сайд Шинзо Абе болон “Mitsubishi” компанийн удирдлагуудыг тагнаж байжээ.

 

“NSA”, Японы кабинетийн гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх яамны сайд болон тус яамны ерөнхий нарийн бичгийн дарга Ёшида Суга, Японы Сангийн сайд, Японы төв банкны удирдлагууд, “Mitsubishi” компанийн удирдлагууд болон ажилчид, хувьцаа эзэмшигч нарын гар утас, ажлын утас болон цахим сүлжээг нь тагнаж, мэдээлэл цуглуулж байсан гэнэ.

 

“NSA” япончуудын цаг уурын өөрчлөлтийн эсрэг явуулж байгаа бодлогыг илүүтэй сонирхож, гол анхаарлаа хандуулдаг байжээ. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Шинзо Абе 2050 онд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах төслийг илүү ихээр анхаарах болсон юм. “NSA” энэ асуудлаар зохион байгуулагдсан хурал, цуглаан бүрийг нь цаг алгасахгүй мөрддөг байсан гэв. Токио хүлэмжийн хийг бууруулах асуудлыг Вашингтонд мэдэгдэхийг хүсэхгүй байсан бөгөөд ихэд нууцалдаг байжээ. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Их-8”-ын уулзалтад хүлэмжийн хийг бууруулах асуудлаар голлон ярилцсан ч Токио өөрийн боловсруулсан төлөвлөгөөгөө дурсаагүйгаас гадна ихэд нууцалж, өөрсдийн боловсруулсан төлөвлөгөөгөө тийм ч амархан олны хүртээл болгохоос зайлсхийсэн байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд үйлдвэрлэл, тээврийн салбарт томоохон өөрчлөлтүүд хийх бөгөөд иргэдийн амьдралын хэмнэлийг хүртэл өөрчлөх зорилготой байжээ. Японы Засгийн газрын төв сайтад “Хэрвээ энэ бүхэн үнэн бол үнэхээр харамсалтай байна. Бид энэ асуудалд гол анхаарлаа хандуулж, мөрдөн шалгах эрхтэй. Энэхүү хэргийг шалгаж, үнэн зөвийг нь тодруулах болно” гэсэн байна.

 

 

“NSA”-ийн асуудлаар Ерөнхий сайд Шинзо Абе ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй ч тэрбээр “Би их гайхаж байна” гэж хэлжээ. Японы Гадаад хэргийн яам “NSA”-ийн гэнэтийн үйлдэлд гайхаж буйгаа нуугаагүй бөгөөд “АНУ холбоотон орнуудаа тагнаж, мөрддөг явдал итгэлцэлд сэв суулгаж байна. Япон эртнээс АНУ-тай найрсаг харилцаатай байдаг. Харамсалтай нь тагнуулын асуудал хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгав. Дахин мэдэгдэхэд Япон энэхүү тагнуулын асуудлыг буйр суурьтай мөрдөж шалгах болно. Энэ асуудалд Японд суугаа АНУ-ын бүрэн эрхт Элчин сайд туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлийн дараа Ассанж өөрийн байр сууриа хүргэсэн юм. Тэрбээр “Япончууд “Wikileaks” сайтад талархах хэрэгтэй. Учир нь бид АНУ-ын жинхэнэ төрхийг илчлэв. Та бүхэн том сургамж авсан гэдэгт итгэлтэй байна. АНУ холбоотон орнуудаа тагнаж, мөрддөг мөртлөө ямар нэгэн хурал цуглаанд та бүхний дэргэд суугаад дэлхийн сайн сайхны төлөө ярилцдаг. АНУ олон улсыг тагнах нь хууль бус. АНУ болон “NSA” энэхүү үйлдлээ хэзээ ч буруутгахгүй. Учир нь тэдэнд дүрэм гэж үгүй. Тэд өөрсдийн боловсруулсан дүрэмдээ л захирагддаг” гэсэн бол “NSA”-ийн хэвлэлийн төлөөлөгч Нед Фрисе “Дахиад л манай байгууллагыг чиглэсэн хорлон сүйтгэх ажиллагаа” гэж мэдэгджээ.

 

“NSA” агентлаг Японоос гадна Австрали, Канад, Их Британи, Шинэ Зеланд улсыг тагнаж байсан илчлэгдлээ. Эдгээр материалыг Орост орогнож буй “NSA”-ийн экс ажилтан Эдвард Сноудан “Wikileaks” сайтад дамжуулсан гэдгийг Ассанж онцолжээ. Өнгөрсөн зургаадугаар сард “NSA” зургаан жилийн хугацаанд Францын өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олланд, өмнөх Ерөнхийлөгч Никола Саркози, Жак Ширакийг тагнадаг байсан нь илчлэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин