Анхэль Ди Мария эмнэлгийн үзлэгт орж байна
2015-08-04

Энэ зуны хамгийн том наймааны нэгт тооцогдож байгаа Анхэль Ди Мариягийн шилжилт үргэлжилж байна. 27 настай Аргентин хагас хамгаалагчийн төлөө Францын ПСЖ клүб 44,5 сая фунтийг Манчэстэр Юнайтэд клүбт санал болгосныг Английн баг хүлээн авахаар болсон. Харин одоо тоглогчтой тохиролцох үйл явц үргэлжилж байна. Анхэль Ди Мария нь эмнэлэгийн үзлэгт орохоор Катарын Доха хотод очоод байна. Энэ зун Манчэстэр Юнайтэдийн аялан тоглолтуудад оролцоогүй тэрээр Аргентинд амарч байгаад өчигдөр өглөө бараг 20 цагийн нислэг хийн Катарт очсон байна.

 

 

 

Доха-д Aspire Zone  хэмээх спортын цогцолбор бий. Энд хөлбөмбөгийн цэнгэлдэх, зочид буудал, усан спортын төв, бэлтгэлийн 13 талбай, волейбол, сагсан бөмбөгийн талбай зэрэг багтсан томоохон байгууламж юм. Уг цогцолборын нэг хэсэг нь Aspetar clinic буюу эрүүл мэндийн цогц төв. ФИФА-гаас хүлээн зөвшөөрсөн 20 эмнэлгийн шинжилгээний нэг нь энэ. Энд ПСЖ-ний тоглогчид эмнэлгийн үзлэгт ордог бөгөөд Лукас Моура тэргүүтэй тоглогчид энд эмчийн үзлэгт орон Францын багийн гишүүн болж байсан юм. Ди Мариягийн хувьд яг энэ төвд эмчийн үзлэгт орох ёстой ч олон цаг аялж ядарсны улмаас түр хойшлогдсон байна. Тэрээр өөрийн найзуудын хамтаар 5 одтой Torch зочид буудалд буун амарчээ. ПСЖ клүбийн эмч Эрик Ролланд өчигдөр мөн энэ төвд ирсэн бөгөөд өнөөдөр бүрэн үзлэг хийх юм байна. Эмнэлгийн үзлэг амжилттай болсны дараа Анхэль Ди Мария Парис руу нисч 4 жилийн хугацаатай гэрээндээ гарын үсэг зурах гэнэ. Одоо мэдэгдэж байгаагаар Аргентин жигүүр татвар хасаад 7 хоногийн 170,000 фунтийн цалин авахаар болжээ.

 

 

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин