Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан 00 өрөө ашиглана
2015-08-04

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнөөдөр "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009 стандарт"-ын дагуу ариун цэврийн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө. Монгол улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгүүдээс анх удаа хийгдсэн уг ажлыг Италийн засгийн газрын бус АИФО байгууллага 5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн аж.
 

Гүйцэтгэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв"-ийн залуучууд ажилласан байна. Тус ариун цэврийн өрөөний онцлог нь ямар ч тэргэнцэртэй хүн өөрөө бие даан чөлөөтэй хөдлөх, бие засах боломжоор хангагдсанаас гадна яаралтай тусламж дуудах хонхыг суурилуулан өгчээ.

 

Шалны гадаргуу нь чийгтэй байсан ч хальтарч гулгахгүй аюулгүй байдлыг стандартын дагуу бүрэн хангасан плитагаар хийгдснээс гадна угаалтуурыг энгийн угаалтуураас доор байрлуулсан нь тэргэнцэртэй хүн хэрэглэхэд саадгүй болсон байна.

 

Уг ариун цэврийн өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна өндөр настан хэрэглэхэд ихээхэн тохиромжтой юм байна. "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв"-ийнхөн дээрх ариун цэврийн өрөөг захиалагчийн хүсэлтээр иж бүрэн тохижуулан хийж өгөх боломжтой гэнэ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
bayr hvrgie zob ajil hiigdejee
2015-08-05