Эрчим хүч хэмнэлтийн хуулийн төслийг өргөн барилаа
2015-08-05

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.

 

 

2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай асаж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байгаа талаар Эрчим хүчний сайд Д.Зоригт Улсын Их Хурлын даргад танилцуулав.


Монгол Улсын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад эрчим хүчний шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний эрчим хүчний зарцуулалтыг үндэслэл сайтай тооцож, үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэх нь хамгийн үр өгөөжтэй арга хэрэгсэл мөн гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, эрчим хүч хэмнэлтийн зөвлөл, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, үүрэг хүлээсэн хэрэглэгч, эрчим хүч хэмнэлтийн менежер болон тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахаар тусгасан байна.

 

Эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн бүрэн эрхийг эрчим хүчний зохицуулах хороо хэрэгжүүлэхээр, мөн зохицуулах хорооны бүтцэд эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй тусгай нэгж байхаар тусгажээ. Түүнчлэн эрчим хүчний барилга байгууламж барих, машин тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авсан үүрэг хүлээсэн хэрэглэгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх урамшууллыг зохицуулахаар тусгасан байна.



Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл нь 5 бүлэг 17 зүйлтэй байх ба хуулийн төсөлтэй холбогдуулан Засгийн газрын тухай болон Аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин