МАН-ынхан дуугүй явах уу
2015-08-06

 

Шийдлийн Засгийн газрыг бутаргаж, МАН-ын сайд нарыг хөөх зорилготой ээлжит бус чуулган үндсэн үүргээ биелүүлж эхлэх нь. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургаан сайдыг огцруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ амаар хэлж, эцэст нь албан бичгээр илгээсэн ч түүний үгийг хэн ч сонссонгүй. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч сайд нарыг огцруулах төслийг өөрийн гараар өргөн барихгүй гэж байсан ч асуудал эсрэгээр болов.

 

Ерөнхий сайд өчигдөр ажлын дуусахтай зэрэгцэн МАН-ын сайд нарыг огцруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барив. Нэгэнт өргөн барьсан асуудлыг УИХ нэг өдрөөр ч хойш тавихыг хүсээгүй бололтой. Байнгын хороодын хуралдааныг үдээс өмнө товлож, сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр жагсаажээ. УИХ дахь Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн дагуу эхлээд асуудлыг хэлэлцэнэ. 

 

Үүний дараа 14.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 

1.Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын;

 

2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;

 

3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

 

4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

 

5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

 

6. Содномын Чинзориггийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас огцруулах тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

 

Ийн ширүүхэн эхэлж, яаруухан шийдэх асуудлын эцсийн шийдвэр өнөөдөр тодорхой болох биз ээ. Гэхдээ уригдаж ирчихээд хөөгдөөд гарч буй МАН-ынхан ямар ааш аяг гаргах нь одоогоор тодорхойгүй байна. 

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин