Энэ онд ашиглалтад орох зам, гүүрийн ажилтай танилцлаа
2015-08-06

Зуны амралт, зугаалга, найр наадмын улирал буцан, намрын уур орж, их ажлын цаг ирлээ. Үүнтэй зэрэгцэн өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга болон холбогдох албаны хүмүүс нийслэлд явагдаж байгаа авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

 

 

Энэ зун хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг нь Хойд зуслан чиглэлийн зам буюу Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын ажил. 1982-1985 онд баригдсан тус замд өнөөг хүртэл хугацаанд урсгал болон их засварын ажил хийгдээгүй байжээ. Суурьшлын бүс ихтэй энэ чиглэлд зуны улиралд өдөрт 100 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн тоо байдаг аж.

 

4 эгнээ, 12 метрийн өргөнтэй 5 км зам барина

 

Хойд зуслан чиглэлийн зам барилгын ажлыг таван багц хэсэгт хувааж, гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэж байна.

 

Нэгдүгээр багц хэсэг буюу Дамбадаржаагийн цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх 5 км авто замын ажлыг “Тэгшт плант”, “Эрдэнэ зам” ХХК-иуд гүйцэтгэж буй юм байна.

 

“Тэгшт плант” ХХК-ийн ерөнхий захирал О.Батбилэг “Дөрвөн эгнээ 12 метрийн өргөнтэй 5 км замыг барихаар хоёр компани ажиллаж байна. Ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Явган хүний болон дугуйн замтай. Явган хүний замыг асфальтаар, дугуйн замын бетоноор хучна. Карьерийн асуудлыг эс тооцвол хүндрэл бага байна. Хоёр айлын газар чөлөөлөлтийн асуудал байгаа. Бид 30 хувийн санхүүжилтээ авсан. Ирэх оны нэгдүгээр улиралд 70 хувийг нь авах гэрээтэй” гэж ярилаа.

 

7.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэ замын ажил гэрээний дагуу ирэх 10 дугаар сарын 1-нд дуусах ёстой. Гүйцэтгэгч компани хугацаандаа амжина гэдгээ хэлсэн. Замын хажуу талаар ус зайлуулах шуудуу, 13 ширхэг ус гаргах хоолой хийнэ гэсэн.

 

Газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна

 

Хоёрдугаар багц нь Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто зам. Энэ замын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэж буй. Өнөөдөр танилцсан бүтээн байгуулалтын ажлуудаас хамгийн асуудалтай, холбогдох газруудаас анхаарал хандуулмаар нь байв.

 

“Төгс зам” ерөнхий инженер М.Мөнхнарангийн хэлснээр түр зам гаргах боломжгүй учраас замын ажил нэг талаараа хийгдэж байгаа. Газар чөлөөлөлтийн асуудлаас болоод 300 метр  хэсэгт ямар ч ажил эхлээгүй. Мөн хайрга татах карьерын асуудал хүндрэлтэй байгаагаас олонх техник нь хайрга гаргахаар Япон оршуулгын газар орчимд ажиллаж буй гэнэ.  Гэхдээ гэрээний дагуу ирэх сарын сүүлээр суурь хучилтын ажлаа хийж дуусгана гэж ярьсан.

 

Харин НИТХ-ын дарга Д.Баттулга бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учруулж буй болон хотоос шалтгаалах асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласан.

 

6.75 км авто зам 7 тэрбумын өртөгтэй

 

Гуравдугаар багц буюу Шаргаморьтын уулзвараас Хандгайтын зам хүртэлх 6.75 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байна.  

 

Энэ компани ажлаа өнгөрөгч зургаадугаар сарын 2-нд эхэлжээ. Наранбулаг-Хан ХХК-ийн захирал Д.Балдандорж “Газар шорооны ажил 80-90 хувьтай явж байна. Хайрга, дайрга, газар чөлөөлөлтийн асуудал байхгүй. 2.5 км-т суурь хучилт хийгдсэн. Гэрээний дагуу ирэх 10 дугаар сарын 30-нд хүлээлгэж өгнө” гэв. Энэхүү зам нь 7 тэрбум орчим төгрөгийн хөрөнгөөр босох юм.

 

28 метрийн өргөнтэй хос гүүр

 

Шаргаморьтын 50 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил дөрөвдүгээр багцад хамаарна. Энэхүү ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж буй аж.

 

Тус компанийн ерөнхий инженер Э.Бат-Эрдэнэ “Гүүрийн ажил графикийн дагуу явж байна. Захын болон завсрын тулгууруудыг хийгээд, дамнуургын ажил эхэлсэн.  Ирэх 10 дугаар сарын 1-нд хүлээлгэж өгөх ёстой. Хугацаандаа дуусгахыг хичээж ажиллаж байна. Манайх 60-70 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа” гэж ярьсан.

 

Энэхүү хос гүүрийн ажил нь 2.1 тэрбумын өртөгтэй. Явган хүний, дугуйн замтай 28 метрийн өргөнтэй хос гүүр баригдах аж.

 

Бүтээн байгуулалтад нааштай хандана гэдэгт найдаж байна

 

Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Замын бүтээн байгуулалтын ажил эхлээд нэг сар гаруй хугацаа өнгөрчихлөө. Бид шийдэх асуудлыг газар дээр нь шийдээд явж байна. Компаниуд ирэх 10 дугаар сарын 1 гэхэд суурь хучилт, дараа жилийн 4 сарын 1-ээс өнгөн хучилтаа хийчихвэл бэлэн болно. Шарга морьтын уулзвараас Хандгайт хүртэл 2 эгнээ зам явж байгаа. Мөн дугуйн, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй. Харин Шадивлангийн шинэ уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 4.6 км авто замыг барьж буй “Төгс зам” ХХК-д хэд хэдэн хүндрэл учирч байгаа юм байна. Хайрга, дайрга, түр зам гаргах боломжгүй, газар чөлөөлөлт гээд. Ер нь 280-аад айлын газар чөлөөлөлтийн асуудал яригдаж байснаас 39 айл үлдэж, тэдний 31-тэй нь тохирсон байгаа. Бас газраа өмчилсөн 10-аад айл байна. Манай иргэд 300 сая гаруй, 400 сая гээд санаандаа орсон тоогоо хэлдэг болчихож. Гэхдээ тэднийг нийслэлийнхээ бүтээн байгуулалтад нааштай хандана гэдэгт найдаж байна” гэж ярьсан.

 

Гүйцэтгэгч компаниуд зам, гүүрийн ажилдаа хуулийн дагуу гурван жилийн баталгаа өгч байгаа. Замын гэрэлтүүлгийг ногоон байгууламжтай хамтад нь шийдэж, шинэ стандартыг нэвтрүүлж буй, ус зайлуулах хоолой, шуудуу ч хангалттай хийгдсэн байгааг замчид хэлж байсан. Хойд зуслангийн чиглэлийн 16.35 км замын ажил ид өрнөж байна. Энэ бүтээн байгуулалтын ажил дуусснаар 7 буудлаас Хандгайт хүртэл дугуйгаар жирийж, хойд зуслан руу эвдрэлгүй, түгжрэлгүй замаар зорчих боломжтой болно.

 

Шинэ нүхэн гарцтай болно

 

Төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцтай болж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох 1.5 км авто зам, 48.6 у/м хайрцаган дам нуруутай төмөр бетон гүүр, 9.58 у/м хавтан дам нуруутай төмөр бетон гүүр болон 20 у/м төмөр зам доогуурх жижиг тэрэг гарах нүхэн гарцын ажил хийгдэж байна.

 

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Оч наран”, “Туулийн гүүр далай”, “Тэргүүн саруул зам” ХХК-иуд гүйцэтгэж буй аж. “Оч наран” ХХК-ийн захирал О.Наранбаатар “Ажил тавдугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 55 хувьтай явж байна. Технологийн хугацаагаа бариад ажиллаж буй. Энэ зам, нүхэн гарц урагшаа Энхтайваны гүүрийн зам, хойшоо паркийн уулзвар, нөгөө тал руугаа Энгельсийн гүүр рүү гарна. Энэ хавьд газар доор байгууламж ихтэй ч асуудалгүй шийдээд явж байгаа” гэлээ.

 

Нүхэн гарцын доогуур 2.3 метр болон түүнээс доош өндөртэй тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гэнэ. Мөн зам нь долоон метрийн өргөнтэй ба дугуйн болон явган хүний замтай байна. Энэ бүтээн байгуулалтын ажлыг 4.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр хийж буй, гэрээний дагуу ирэх 10 дугаар сарын 30-нд ашиглалтад орох аж. Баталгаат хугацааг хуулийн дагуу гурван жилийн турш гүйцэтгэгч компани хариуцна.

 

Энэхүү зам, нүхэн гарц нь ашиглалтад орсноор Энхтайваны гүүрийн замын хөдөлгөөний ачаалал буурна. Гэхдээ Сөүл рестораныг Олимпийн гудамжтай холбосон замд ачаалал үүсэх эрсдэлтэй гэдгийг албаны хүмүүс ярьж байв.

 

Шинээр 27 автобусны буудал хийнэ

 

Бүтээн байгуулалтын ажилтай танилцах сүүлчийн маршрут Улиастай-Гачууртын 11 км авто зам байлаа. Баянзүрх дүүргийн 20, 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км авто замын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Уг ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” ХХК шалгарчээ.

 

Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 км зам энэ сарын 30-ны өдөр ашиглалтад орно. Өнгөрөгч зургаадугаар сарын 17-ны өдөр эхэлсэн авто замын ажил өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байна. 7.5 км замын суурь хучилтыг хийж, 3.5 км замын суурь хучилтын ажил үлджээ.

 

Замын ажил Гацуурт тосгоны суурьшлын бүс рүү ороод ирэхээр түр зам гаргаж болохгүй байгаа нь замын ажилд саад учруулж байгааг Үйлсийн зам ХХК-ийн захирал Д.Энхбаатар хэлж байв.

 

Энэхүү замын төсөвт өртөг нь 6.1 тэрбум төгрөг. Долоон метрийн өргөнтэй байсан замыг найман мтер болгон засварлаж байгаа аж. Замын одоо байгаа хуучин хучилтыг газар дээр нь боловсруулан сууринд ашиглан цементээр бэхжүүлсэн хайрган суурь хийж буй ба 5 см-ийн зузаантай асфальтобетон хучилт дэвсэж буй юм байна. Мөн автобусны 27 буудал шинээр хийж, тус бүрт явган хүний зам хийгээд явж буй аж. Замын баруун гар талд гэрэлтүүлэг хийх юм байна.

 

Энэ жилд улс, нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр 47.92 км авто замыг шинээр ашиглалтад оруулж, 51.15 км авто зам, 481.7 метр урт гүүрийг өргөтгөн шинэчилнэ. Нийт 90 тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалт нийслэлийн замын салбарт хийгдэнэ гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлэв.

 

Б.Буд

 

Shuud.mn
Сонин хачин
Orbit:
Orbitruu yavdag zamiig hurdan shineer urgujuuleed taviachee..! Denduu baina. Zamiin hajuugaas ni humuus yadahad oirhon hashaa bariad baina. Shineer horoolol barij bgaa ulsuud zamaa ehleed saihan bolgooch..! Tegvel ulsuud bairiig chini avna sh dee. Yadahnaa..! Heleh ch ug alga.!
2015-08-06
БатҮүл даргад:
Энх Тайвны гүүрийн зүүн талды барилгажих газар талбай авах гээд л нүхэн гарц гаргаад байгаа юм бишүү.. Хотын даргаа, тэнд төмөр зам дагуулж газар олгож болохгүй шүү
2015-08-06