Шалиг улс төр
2015-08-07

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт чинь харин түүвэрлэж аваад нухаад задлаад яриад баймаар хэдэн даацтай үгийг АН-д хаялаа даа. Ухаантай намынхан бол газар унагаалгүй тосож аваад сөрөг хүчин өөрсөд нь юу бэлдэж байгаад сайн анализ хиймээр. Ингээд түүний үгэн дээр үг дайя даа.  

 

“ Монгол Ардын нам сонгуулиа намаа бодсон бол АН-тай хамтарч ажиллах хэрэггүй байлаа. АН-тай гэрээ байгуулаад хэрэггүй гэсэн яриа ч иргэдийн дунд байна.  Ардчилсан намын дарга З.Энхболд та Алтанхуяг буруу ажиллажээ, хамтарч ажиллая гэж хэлж байсан. Таны ой санамж ийм богинохон байсанд  харамсч байна .."  гэж УИХ-ын даргад хамгийн том гомдлын үгээ шидлээ.

 

Энэ бол үнэхээр үнэн сануулга  юм даа. Ч.Сайханбилэг сайдаа хөтлөөд МАН-ын бүлэгтэй баахан ярьж хөөрч засагт орохыг ятгаж суусан намын дарга одоо нэг минут уулзаж үг солихгүй бултсаар Засгаас зургаан сайдыг нь хаалгаар гаргууллаа.  

 

.... МАН  Засгийн газарт ажилласан хэдэн сарын хугацаанд  гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, Монгол Улсаа нэг төсөвтэй боллоо.  Дарга нарын данхайсан бүтэц, тансаг хэрэглээг хумилаа. Эдийн засгийг хүндрэлээс гаргах хөтөлбөрийг санаачлан баталсан . Орон сууцны урьдчилгааг 10 хувь болгов. Хууль бус мод бэлтгэлийг зохицуулах эрх зүйн орчинг бий боллоо. Зайсангийн уугуул иргэдийг асуудлыг шийдлээ...  

За бараг нийлээд хийсэн хэдэн гайгүй гэх ажил нь бол энд дурдагдсан байна даа. Харин тэр урьдчилгааг 10 хувь болгодог бол хэцүү дээ. Ёстой л популизм болж харагдаад байгаа юм. Энгийн ойлголтоор авч үзэхэд төгрөгийн ханш унаж   эдийн засгийн хямралаар ажлын байр хумигдаж ААН- үүд цалингаа дийлэхгүй болж байхад төсвийн хэдээс бусад иргэд байранд орсон хойноо ззээлийн дарамтаа даах уу. Барилгын компаниуд банк хоёр ойлголцох уу гээд эргэж харах тооцох юм их бий дээ. 10- хувийн урьдчилгаа бол сонгууль харсан хөнгөлөлт болсон доо.

 

....  Тавантолгойн асуудлыг шийдсэнгүй. Тавантолгой төсөлд ард түмний биш Ардчилсан намын бүлэглэлүүдийн эрх ашгийг тусгах гэж удлаа. Хөрөнгө оруулагчидтай зүй бус харьцсаны хохирлыг олуулаа амслаа.  Ардчилсан нам хар машиндаа найдаж байгаа бол Ардын нам ард түмэндээ итгэж байна....

 

Ард түмэн хоёуланд нь итгэхээ болиод байгаа юм л даа. Гэвч цагаан морь хөлөглөсөн гуравдах баатар хаана явааг иргэд  мэдэхгүй байна. Он гарахаар ийм баатрууд олноор төрөх байх. Тэр үед нь л ард түмэн хэнд итгэл өгөхөө шийдэх юм. Гэхдээ одоогийн нөхцөлд бол МАН ялалт ойрхон харагдсан өндөрлөг дээр байрлалаа эзлээд байгаа нь үнэн.  Хөтлөлцөж яваад  яваад өсгийдүүлсэн МАН-ыг одоо өрөвдөж өршөөх хүн олон болоод байна. Энэ өнгөц боломжоо бодит байдал гэж  сагсуурч алаагүй баавгайн арьсаа булаалдаад бие биенээ нухаад эхэлчихгүй бол ирэх сонгуульд хоосон суухааргүй харагдана.

 

Засгийг задалсан энэ алхмаар АН-ынхан сайдын суудлын улайралд автсан байгаа нь ил болсноор олон нийтийн дургүйг үнэхээр хүргээд байгаа юм.

За тэгээд хамгийн сүүлд нь МАН-ын бүлгийн дарга гэнэт засгаас жийгдсэнээ ... Ардчилсан намын хууль бус үйл ажиллагаатай МАН санал нийлээгүй нь гэрээ биелээгүй гэдэг шалтгаанаар засгаас шахан гаргаж байна. Ардчилсан нам ардчилалын 25 жилийн хугацаанд хоёр удаа төр барьж байна. Олуулаа хөгжих биш цөөхүүлээ хөлжих гэсэн дүр эсгэсэн ардчилал дарангуйлагчдаас хортой гэдгийг бодит жишээ Монголд нүүрлэж байна .. гэж дүгнээд ..... Цаашдаа Засгийн газрын зөв бодлогод ташуур, буруу үйлдэлд хазаар болж явна. Ардын нам ард түмэнтэйгээ хамт Ардчилсан намын үйл ард түмний ажиллагаанд хатуу бодлого тавьж ажиллана” гэжээ.

 

Сохорсон биш завшив гэгчээр сөрөг хүчний орон зайдаа МАН буцаж ирлээ.. Хамтарч яваад ирэх хавар АН-аа мурьж засгаас гарсан бол харин ийм зоримог итгэл төгс мэдэгдэл хийгээп зогсож  чадахгүй байлаа. 

Хэн хэн давхар дээлэндээ хөлөрч дараагийн сайд болох нь ч бараг сонин биш боллоо. Харин “Шудрага ёс” эвслийнхнийг албан тушаалд дээр хэр шудрага наймаалцахыг харах нь сонин байх.  Тэгээд энэ засаг нь сайн ажиллаж улс орон өндийх нь үнэндээ бүр холын үлгэр болоод байна. Харин хүчтэй сөрөг хүчний дараалсан балбалтад хэр тэсч, шороо тоосонд хэр хутгалдаж  гарч ирэхийг нь харах үлдлээ. Үүнп АН-ынхан гомдож эмзэглэх хэрэггүй л дээ. Улс төр хэчнээн бохир болж, албан тушаал хэчнээн өндөр ханштайг бид мэдэх ч төрийн сайдад улайрсан байгаагаа нууж чадалгүй чичирсэн гэж харагдуулсан  энэ алхам тань  олны итгэл сэтгэлийг үнэхээр эргүүлчихлээ.

 

Одоо сайн ажиллах яахав. Дахиад дотроо дайтан бужигнахгүй шиг байж байгаад эхний засгийн эхлүүсэн ажил, Н.Алтанхуягийнхаа тавьсан уулзар гудамж  төслүүдийг өмнөө бариад Ч.Сайханбилэг сайдынхаа эхлүүлсэн татварын шинэчлэлийг татаж унагачихалгүй шиг цааш нь явуулаад ирэх сонгуульдаа ороход тэсээд хүлээсэн үнэнч гишүүд нь тань залбираад нэг удаа дэмжих байх.  Хичээвэл сайныг хийчих цаг бас байнаа байна.

 

Төгсгөлд  "... Улс төр шалиг байна. Шалиг улстөрөөс монголчууд залхаж байна" гэсэн О.Уянга гишүүний хоржоонтой үгийг улс төрчдөд үлдээе дээ.

 

Б.Хэгжүүн  

 

 

 

Shuud.mn
Сонин хачин