УИХ-ын дэд дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзав
2015-08-07

 Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Л.Цог өнөөдөр  Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-ын Хүүхэд, хүн ам, байгаль орчныг хамгаалах парламентын бүлгийн гишүүн Ли Жү Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад монголын парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л талаар хөгжиж байгааг тэмдэглээд монголын тал харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг дурдав.

 

Мөн энэ оны 09 дүгээр сард Улаанбаатар хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралдаан болон ирэх онд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад найрсаг харилцаатай БНСУ-ыг өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

 

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ли Жү Юн Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Тэрээр Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд энэхүү айлчлалын хүрээнд парламент хоорондын харилцааг хөгжүүлэх зорилготой буйгаа дуулгав. Мөн тэрээр Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Ази-Номхон далайн орнуудын парламентчдын бага хурал /APPCED/-д Монгол Улс тогтмол оролцож ирснийг онцлов. Энэхүү хуралдааныг БНСУ-ын Үндэсний Ассамблей зохион байгуулагч орны хувьд дараагийн буюу 18 дахь APPCED Ерөнхий ассамблейн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах талаар хүсэлт тавилаа.

 

Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог уг хүсэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.

 

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ан Гю Бак, Пак Ин Соок, Хонг Жи Ман, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунг, болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин