Эвээр битүүрсэн Монгол наадмууд
2015-08-07

БНСУ-ын Илсан хотын Анхдугаар Монгол наадам 2015 оны 7 сарын 19-ний өдөр болж өнгөрсөн. Илсан хотын наадмын хувьд бол “Анхдугаар” гэсэн тодотголтой байлаа. Илсан нь хэдэн жилийн Сөүлд ойрхон ч хөдөө газарт тооцогдож байсан бол хэдхэн жилийн дотор энд шинэ хотыг босгожээ. Үүнийг дагаад энд суурьшин амьдрах Монголчуудын тоо ч нэмэгдсээр байгаа гэнэ. Тэгээд ч бие даасан наадам хийчихэд Монголчууд маань зөндөө  ирсэн байлаа. 

Монголдоо нутаг орондоо наадам үзэхдээ анзаарахгүй өнгөрөх сонин мэдрэмж энэ наадмаас төрсөн. Энд ирээд 10 жил болсон ч бай, 10 сар олсон ч бай нэг эх оронтой Монгол хүний омогшил, сэтгэл хөдлөл хилийн цаадах наадамд агаар нэг. Харин  зохион байгуулж буй хүмүүст ачаа нэмсэн бас ч мөнгө хаясан том ажил байх аж.

Хаа харь оронд Монголчуудаа цуглуулж наадам хийх нь нэг талдаа нэр төрийн, нөгөө талдаа хүний газар үндэс угсаа,  зан заншлаа сурталчилсан соёлын том арга хэмжээ болж явагддаг онцлогтой байх. Ингээд Илсаны наадмын эргэн тойрондох сонин сайхнаас өгүүлсэн тэмдэглэлээ хүргэж байна.

 

Наадам болох эхний зараар миний бие очиж зохион байгуулагч нартай нь уулзаж байлаа. Намайг Урьхан зоогийн газар очиход наадмыг хөтлөх залуу бусгүй хоёр ирсэн байлаа.

Наадмыг санаачлан зохион байгуулж буй “Урьхан карго-Зоогийн газар”, Илсан хотын наадмыг “Гэрбан Монгол чуулган” –ы төлөөлөл мөн шагайн харвааг зохион байгуулах Батбаяр зэрэг 10 -д хүн нэг ширээ тойрон сууж наадмын зургийг буулгаж эхэллээ.

Илсан хотын анхны баяр наадмаа илүү Монгол төрхөөр нь хийхийн тулд Морь авчирах талаар хөөцөлдөж байгаагаа Урьханы захирал Б.Цогцолцэрмээ хэлж байлаа. Мөн жоохон ч болтугай айраг авчирч наадамчиддаа амсуулах талаар хөөцөлдөж бичиг баримтыг нь цэгцэлж байгаа талаараа ярьсан нь наадмын тухай яриаг хөгжөөж ирлээ.

За тэгээд талбайн мөнгөө бодоод олон цайны газар оруулчихаар хуушуур нь элбэгдээд зарагдахгүй дэмий болдог л гэнэ. Монголчуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 00380 ОУ-н ярианы гарц, Korea Mobile, Солонгосын HANA банк зэрэг газрууд талбай авч сурталчилгаагаа хийж үйлчилгээгээ шууд хүргэе гэсэн тухай яригдлаа. Монгол Солонгосын зарим нэг байгууллагууд боломжоороо ивээн тэтгэж 300-500 мянгыг өгье гэсэн гэнэ. “Гэрбан Монгол чуулган” –залуус тайзыг хийх болж талбайгаа нэг очиж үзэхээр болцгоосноор ерөнхий зургаа буулгаж аваад наадмын комиисынхон тарцгаалаа. Хөтөлбөрт нь  мэдээж бөхийн барилдаан, сур харваа байна. Үүн дээр шагайн харваа морин үзүүлбэр, айраг амталгаа, урлагийн тоглолт азын сугалаа болон сагс шатар даам гээд хөтөлбөр нэмэгдсээр наадам шиг л наадам болохоор болов.

 

  

 

 

Хөндлөнгийн нүдээр санхүү мөнгийг нь сонирхвол Үндэсний бөхийн бай шагналд 2.000.000 /КW/ , сур шагайн харваанд нийлээд сая орчим, шагайн харваа, шатар даамны шагналд нэг сая орчим, мөн морин үзүүлбэр урлагийн тоглолтод тус бүр нэг сая орчим, медаль өргөмжлөл баннерт 750 мянга гээд л монгол төгрөгт шилжүүлбэл 10 сая хол даваад явж өгдөг юм байна. Нэг газар голлоод мөнгийг нь гаргаж байгаа нөхцөлд бол сүрхий л мөнгө нэг дор гараад явчихаж байгаа л даа. Гэхдээ наадам зохион байгуулагчдад  төдийг гаргаад өдийг олно гэсэн сэтгэлгээ ойлголт байхгүй. Тийм боломж ч байдаггүй бололтой юм.  Яаж наадмаа өргөн сайхан болгож аль болох олон Монголчуудаа цуглуулж баяр хөөртэй найр цэнгүүнтэй байлгах вэ л гэдэг нь гол зүтгэл нь болох юм даа.

 

Зохион байгуулагч “Урьхан Карго” -ны зүгээс хамгийн сүүлийн тээг болж байсан наадмын талбайнхаа зөвшөөрлийг Илсан хотын цагдаагийн газраас албан ёсоор авч зохион байгуулалтын ажлаа баталгаажуулснаар товлосон өдрийн орой тулж ирлээ. Гол зохион байгуулагчид асар майхнаа босгож тайзаа засаж шөнө дунд болгосноор наадмын бэлтгэл үндсэндээ хангагджээ. 

 

 

2015 оны 7 сарын 19-ний өдөр. Өглөө нь Илсан хотод зөөлөн бороо орлоо. Ихээр орвол ч бас хүмүүс ирэх нь хойргошиж магадгүй шүү гэсэн яриа гарч эхэлсэн ч бороо төдөлгүй татарч нэмэх 30 хэм давсан бүгчим халуун болж ирлээ. Миний бие заасан маршрутаар Метронд суун улмаар автобусанд шилжин сууж наадмын талбай дээр ирлээ. Автобусанд суухад нэг үеийн бүсгүй дагуулсан монгол залуу мөн найзууд бололтой гурван залуу таарлаа. Хөөрхөн боргил зүстэй нэг залуу утсаар ярьж байна. “ Ах би одоо автоусаар очиж байна. Бөхөд нэрээ бичүүлчих үү “ гэж байна. Зүлэгт ногоон дэвжээн дээр гарахаар зорьж ирсэн бололтой.

 

    

 

Ингээд цаасан дээр буулгаж төлөвлөж байсан бүхэн талбай дээр биеллээ олж эхлэхийг би харлаа. Наадмын талбайн баруун талд хуушуур хүнснийхэн хэн байраа эзэлж зүүн жигүүрт сурталчилгааны болон сугалаа явуулах зэрэг албан байгуулллага хүмүүсийн асар жигдэрчээ. Цаахантай нь шартайхан болдог сагсан бөмбөгийн бооцоот тэмцээн эрт эхэлжээ. Нэг л мэдэхэд  зузаан сайхан эрчүүд Монгол бөхийн өмсгөлөө өмсөөд тал талаас тааваараа алхаад гараад ирлээ. Ингэхэд л наадмын талбай дүүрээд бүгчим салхи нь хүртэл сэрүү татаад явчих шиг санагдана. Морь ачсан портер ч эрт ороод ирсэн байна. Наадамчид хүрээлээд авчээ. Ингээд хөтлөгчид цээл сайхан шүлгээр оршлоо хэлж, Төрийн дууллаа эгшиглүүлснээр наадам ёслол төгөлдөр эхлэнэ. Морьтон эрчүүд төрийн далбааг хийсгэн наадмын талбайг тойрч дараа нь чадамгай тоглолт үзүүлсэн нь  хүний газар тэр бүр хараад байдаггүй содон үзэгдэл болж Монгол наадмын өнгийг нэмж өглөө.

Монгол хүн морио хараад яаж эрэмгий итгэл төгс болж ирэхийг тэнд би тун сүрхий мэдэрлээ. Монголдоо нэг сумын наадам дээр бол байдаг л зүйл гээд нэг их тоохгүй дээ. Харин энд Илсан хотын наадамд морь орж ирэхийн омогшил, цог хиймор гэдэг өөр онцгой мэдрэмж байлаа.   

 

 

   

 

 

Наадмын нээлт. Хүний газар төрийн дууллаа сонсож соёмбот далбаагаа өргөх нь тойрон зогсох олондоо урам хүч нэмэх  үнэхээр сайхан л юм. Цаанаа харь газар Монгол хүн Монгол хүнээ хайрлах эерүү сэтгэлийг зузаалж өгч буй ач тустай утга төгс сайхан үйл хэрэг юм. Энд л наадам зохион байгуулахын цаад утга учир, үнэ цэнэ нь байгаа хэрэг.   

 

Манай төв цэнгэлдэхийн тал шиг талбайд  наадамчин олны жигд тойрон байрласан байлаа. 1400 орчим Монголчууд энэ наадамдаа ирсэн гэлээ. Хэдэн хүн ирсэн тоо нь яахав. Уур амьсгал нь үнэхээр сайхан юм л даа. Бөхийн талдаа дуу алдах уухайлах нь яг л Монгол наадамчины аягаараа. Наана сур хараад л хойд талд нь шагайн харваа жигдрээд, цаана хүүхэд багачууд морио унаж талбай тойроод л Илсаны  Гунран Мунха талбайд Монгол нэг аймаг нүүгээд ирсэн мэт л дүр зураг тодроод ирэв. Хуушаараа бөөндөж аваад гэр бүл найз нөхдөөрөө налайн сууж хүрээлэн суух нь яг л цэнгэлдэхийн тойрог шигээ харагдана.

 

 

   

 

Өдөр дунд болж байхад хүсэн хүлээсэн айраг гарч ирлээ. Эхлээд Монгол зангаараа аягаа бариад бүгд тойроод айраг түгээгчийг бүчээд авлаа. Төдөлгүй эв учраа олж нэг эгнээд орж аваад аль болохоор олон хүн амсахын тулд нэг хүн нэг литрийг л авахаар санал нэгдэв. Тэндээс адууны хөлс, эндээс айраг сэнгэнээд цаана нь хүчит бөхчүүд өрөөд эхлэхэд жинхэнэ наадмын уур амьсгал орсон залуус “сайхан наадаж байна даа, хүрээд ирээч гэж  “гэж ийш тийш утас цохиж ирээгүй нэгэндээ уриалаад эхэллээ. Үнэндээ л хэсэг хоромд Солонгост байгаагаа мартан адууны махтай хуушуурын үнэрт татагдан  хоол салат эргүүлснээр наадмын төв асарт ирэхэд хүчит бөхийн 3- даваа эхэлж байлаа .Наадам эхлэхэд нэг их хүн ирээгүй байх шиг санагдсан нэг л мэдэхэд машин тэрэг талбайн баруун хэсэгт бөөгнөрөн зогссон байлаа.

 

Монгол наадамчин гэдэг хаа ч адил л байх юм. Бөх эхэллээ. Морь харлаа. Сураа хааяа нэг тойрно. Шагайн харваанд нүд хайрлана. Тэгсгээд наадмын хуушуураа бөөндөж  аваад нэг газар тухлана. Завсраар нь бас “шоопин”-г хийнэ. Ёс болгож сугалаанд азаа үзнэ. Энэ наадмын үеэр дүүгээ галаас аварсан Цэрэгтогтох хүүд хандив өгөхөө ч  мартсангүй. Ирсэн хүн бүр шахуу хандив цуглуулж буй асраар орж  боломжоороо хандив өгч харагдсан. Нэг сая орчим вонн эндээс хуримтлагдсан гэж дараа нь сонссон.

 

Монголчууд маань хүний газар байх тусмаа ингээд нэг тал шигээ тэнэгэр байвал сайхан.  Монгол ахуйдаа гэр бүл найз нөхдөөрөө нэг өдрийг сэтгэл тэнэгэр өнгөрөөж байгаа олны баяр нь наадмыг зохион байгуулагчдын урмыг нэмэх юм даа. Тэрнээс арга хэмжээ зохион байгуулсны мөнгөн ашиг унац гэдгийг дээр  дурьдсан. Ер нь бол наадам зохион байгуулагчид иймэрхү санхүү мөнгөний ярианаас аль болох дөлөөд нэрэлхээд байдаг шиг санагдсан. Энэ бол аливаа нэгдсэн арга хэмжээний ард  яригдах ёстой яриа л даа.        

Монголын анхны төрт улс Хүннү гүрний  2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан хийлээ.  Илсан Монгол 2015 наадмыг “Гэрбан Монгол чуулган” болон “Урьхан карго-зоогийн газар” хамтран зохион байгуулсан бөгөөд уг наадмаар дамжуулж Монголынхоо тусгаар тогтнол, хэл соёл, түүх уламжлалаа сурталчлах зорилготойгоор хийсэн наадмын талаар товч тэмдэглэлийг хүргэлээ. Аль болох л арын албанаас нь өнгийж, зохион байгуулагч оролцогч нарын зовлон жаргадлыг хуваалцаж бүхий л талаас товч атугай харуулахыг зорьлоо.

Мөнгө ашиг хараагүй сэтгэл, Монгочлуудаа гэсэн чин зүтгэл хамтын хүчээр  Монгол наадам босдогийг мэдэрснэээ хуваалцахыг чухалчиллаа. Илсан хотын наадмын  бөхийн барилдаан нь шудрага маргаангүй сайхан болж  Аймгийн начин Наранжаргал  түрүүлж , Сумын заан Амарсайхан үзүүрлэжээ. . шөвгөрсөн: Аймгийн арслан Нямцогт, Аймгийн начин Ганзориг  нар шөвөгт хүрч уран барилдааныг үзүүлж наадмын бөхийг үзүүштэй болгосон талаар залуус ярьж суулаа. Сур харваанд                 Дархан мэргэн Туваанжав түрүүлж харваач   н. Энхзаяа, н.Бадамцэцэг нар удаалжээ. 

 

  

 

Наадмын ард гарсан багийнхантай дараа нь нэг уулзах гэсэн зөрсөөр амжсангүй. Харин санаачлан зохион байгуулагч “Урьхан карго”- ны төлөөлөлтэй хэдэн үг солихдоо “ ...бай шагнал зохион байгуулалтад гаргасан мөнгөнийхөө талыг нь ядаж  барьсан уу” гэж саваагүйтэн асуухад “ ... Юун яаж барих вэ. Тэр нь  яахав дээ. Гол нь наадам маань сайхан боллоо шд ээ “ гэж нүүр дүүрэн мишээсэн юм.

 

Энэ оны 6 дугаар сарын байдлаар БНСУ-д Монгол улсын 27 мянга 893 иргэн (эр-14776, эм-13117) оршин сууж байгаа аж. Энд Илсаны, Сөүлийн Инчоны зэрэг наадмууд дараалан болсноор олон Монголчууд хамрагдаж чадсан байх. Нөгөө талдаа наадмыг зохион байгуулагч хүмүүс хамт олон эв сэтгэл нэгдэн Монгол хэл, соёл түүхээ сурталчилсан арга хэмжээг бие даан явуулсан хэрэг. Үүнд хаа ч аль оронд байсан гэсэн Монгол ахуйгаа бий болгож мөнгө зарлага гарган байж наадам зохион байгуулдаг эдгээр хүмүүстээ төр урам өгч, тал бүрээр дэмжиж баймаар санагдсаныг төгсгөлд хэлье.

Эвээр битүүрч сэтгэлээр боссон болохоор харийн нутагдах  Монгол наадам болгон өөр өөрийн өнгөтэй сайхан болсон байхаа.

 

 

 

П.Баяр

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Saihan naadsaan olon jil uugaagui airagaa uugad mash saihan bsan
2015-08-09
Зочин:
BID SOLONGOS SHIG IIM SAIHAN ORCHING BURDUULEH HEREGTEI ZASGIIN TOLGOID GARSAN TENEGUUD IIM ULSIIG BAIGUULAH NI LOOLOO
2015-08-07