Улсын начин Р.Пүрэвдагва Даншгийн арслан цол хүртлээ
2015-08-10

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн  Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т  энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.



“Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь энэ сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурах ёслолоор эхэлсэн бөгөөд хоёр өдрийн турш “Хүй долоон худаг”-т Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Цам харайх, Маани татах, Хүчит бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сурын харваа, Лам нарын тэмцээн, Урлагийн тоглолт, Аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө.



Даншиг наадамд 256 хүчит бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, Даншгийн Арслан цол хүртлээ. Харин Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэв. Хурдан морины Азарга насны уралдаанд түрүү байранд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга хурдаллаа. Их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг түрүү байр эзэлсэн бол Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлсэн байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэллээ. Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Odoo danshgiin arslan um chini ulsiin garid ene teriig amlaj avax estoi geed l uzeed baina biz dee ain?
2015-08-10