АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэн Майкл Браун жилийн өмнө тус хотын цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан билээ. Фергюсон хотын иргэд өчигдөр Майкл Брауныг дурсч, хүндэтгэл үзүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүүгийн аав Боб Браун “Миний хүү 365 өдрийн өмнө амиа алдсан. Тэр аймшигтай өдрийг хэзээ ч мартахгүй. Манай гэр бүл өнөөдрийг хүртэл уй гашуу дунд амьдарсаар байна” гэж хэлжээ.
Майкл Брауны дэмжигчид Фергюсон хотын Захирагчийн албаны байрны гадна жагсч, Даррен Уилсоныг хуулийн дагуу шийтгэхийг шаардсан байна. Жагсагчид гартаа хүйтэн зэвсэг бус Майкл Брауны зургийг барьцгааж “Хүүгийн гомдлыг тайл”, “Бид шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй байна” гэж байжээ.
Хүүгийн аминд хүрсэн цагдаа ажлаасаа чөлөөлөгдсөн ч ялаас мултарсан билээ. “Жагсагчид эмх замбараагүй байдал үүсгээгүй учир хүчээр тараагаагүй” хэмээн Миссури мужийн захирагч Жей Никсон хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |