Мексикийн тэмцэгч амиа алджээ

Мексикийн Игулла хотын Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутан өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд сураггүй болсон юм. Таван сарын өмнө оюутнуудыг амиа алдсан хэмээн тус улсын удирдлагууд мэдээлж, албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн билээ. Тэгвэл сураггүй алга болоод буй оюутнуудыг хайх ажиллагааг ахалж байсан, хүний эрхийн холбооны тэмцэгч Мигель Анхель Жиминез Бланко амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тэмцэгчийн цогцсыг Герреро мужид байрлах гэрийнх нь ойролцоо таксинаас олсон байна. Шинжилгээгээр тэрээр 3-4 өдрийн өмнө амиа алджээ. Гэр бүл нь өчигдөр түүнийг оршуулсан байна. Тэрээр сураггүй болсон 43 оюутныг хайх ажиллагааг удирдаж, эрлийн явцад гэмт бүлэглэлүүдийн гарт амиа алдсан 129 хүний цогцсыг олжээ.
Гэмт этгээдүүд эдгээр цогцсыг хүчирхийлж, эд эрхтэнг нь авсан байжээ. Цагдаагийнхан тэднийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм. 43 оюутны үхэлтэй холбогдуулан “Геррерос Унидос” гэх бүлэглэлийн 15 хүнийг баривчлаад байгаа. Гэмт этгээдүүд хэргээ хүлээж, оюутнуудыг хороогоод цогцсыг нь 14 цагийн турш шатааж, дараа нь усанд хаясан хэмээн мэдүүлгийнхээ үеэр ярьсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ