9 настай хүү амиа алджээ
2015-08-10

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Бойны тохой” гэдэг газар “Орхон” голын усанд 9 настай, эрэгтэй С живсэн байна. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн баасан гаригийн 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр 11 албан хаагч, хоёр завь, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр өдрийн 08:15 цагт цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

 

Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт хуучин карьерын тогтоол усанд 17 настай, эмэгтэй Л живсэн байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 17:28 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

 

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрх гүүрний баруун талд “Туул гол”- д иргэн 29 настай, эрэгтэй Г живсэн байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 19:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин