Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
2015-08-10

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт энэ сарын 7-ны өдөр иргэн О /24 настай, эмэгтэй/  өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна. Түүний нөхөр, 2 охиныг халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээнд дээж авсан.

 

Зооноз өвчин судлалын үндэсний төвд ирсэн дээжийг шинжлүүлэхэд энэ сарын 8-ны өдрийн хариугаар ‘"сөрөг" гарсан, давтан шинжилгээ хийгдэж байгаа аж. Мөн 2015.08.07-ноос 2015.08.13 хүртэлх хугацаанд аймгийн төвийн Эрдэнэмандал багийн 9 дүгээр гудамж орчимд 50 м газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эргэн тойронд 50 м газарт хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна гэж мэдээлэв.

 

Тарваган тахлын байгалийн голомтын идэвх 7-9 дүгээр саруудад хамгийн өндөр байдаг. Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.

 

Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.

 

Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх  вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин