Фергюсон хотноо эмх замбараагүй байдал үүсчээ
2015-08-10

АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэд цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт харамсалтайгаар амиа алдсан Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байгаа юм. Яг жилийн өмнө 18 настай өнгөт арьстай хүү зургаан удаа буудуулж амиа алджээ. Жагсаалд ойролцоогоор 5000 хүн нэгдэж, ямар ч шийтгэл аваагүй Уилсоныг хуулийн дагуу шийтгэхийг шаардсан байна. Цагдаа нар жагсаалыг хүчээр тараахын тулд даралттай ус ашигласнаас болж мөргөлдөөн үүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Жагсаал эмх журамтай зохион байгуулагдаж байсан. Бид жагсагчдыг хүчирхийлэлд өдөөн турхираагүй” хэмээн хүүгийн аав Боб Браун мэдэгджээ. Хот даяар эмх замбараагүй байдал үүсч, дээрэм, тонуул нэмэгджээ. Мөн жагсагчид зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг ашиглаж цагдаагийн машин руу бууджээ.

 

Миссури мужийн захирагч Жей Никсон “CNN” агентлагт “Үнэхээр харамсалтай зүйл болж байна. Эхний ээлжинд жагсагчид тарах хэрэгтэй” гэж ярьсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин