Халдлагын үеэр 42 хүн амиа алджээ
2015-08-11

Иракт тероррист этгээдүүд дараалласан халдлага үйлдэж, 42 хүний аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Гэмт этгээдүүд өчигдөр 17.00 цагт Багдад хотоос 60 км-ийн цаана байрлах Бакуба хотод тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлжээ. Дэлбэрэлтийн үеэр 24 хүн амиа алдаж, 19 хүн гэмтсэн байна.

 

Энэхүү халдлагаас хагас цагийн дараа амиа золиослогч этгээд Багдад хотноо халдлага үйлдэж, 18 хүний аминд хүрчээ. Амиа золиослогч этгээд өсвөр насны охин байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Иракийн эрх баригчид энэхүү халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн мэдэгдсэн байна. Тус бүлэглэлийн удирдлагууд энэхүү халдлагыг захиалсан эсэхээ мэдэгдээгүй ч твиттертээ “Даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Аллахын хүүхдүүддээ баярлалаа” гэж жиргэсэн байна.

 

Исламын дайчид хэмээн өөрсдийгөө нэрийддэг хэт даврагчид өнгөрсөн сард тохиосон Рамадан сарын үеэр дараалласан халдлага үйлдэж, 115 хүний аминд хүрчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин