“Ил тод”-ын далд утга
2015-08-11 10:31

 

Нийгэмд хүлээлт үүсгэсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн баасан гаригт батлагдсан. Энэ хууль нь далд эдийн засгийг ил болгох гол хөшүүрэг хэмээн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байв. Тиймээс хууль батлагдсанаар эдийн засгийн хямралтай үед аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих боломж хэмээн үзэж байсан юм. Бизнес эрхлэгчдийг өршөөлд хамруулах, тэдний нуугдмал хөрөнгийг ил болгох хуулиудыг өмнөх парламентын үед ч баталж, мөрдөж байсан. Бүртгэлтэй аж ахуйн нэгжийн дийлэнх нь хамрагдаж чадаагүй учраас төдийлөн үр дүн харагдахгүй байгаа тухай мэргэжилтнүүд хэлж байлаа. Харин энэ удаагийн хуульд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдан далд эдийн засгийг ил болгох вэ. Ямар үр дүн гарах бол гэх асуултад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, МУИС-ЭЗС-ийн багш, доктор Л.Оюун, эдийн засагч Д.Хосбаяр нар ингэж хариулж байна.

 

 

Д.Бямбасүрэн: ТӨДИЙЛӨН ҮР ДҮНГҮЙ

 

-Өмнө нь ийм хууль баталж байсан. Гэсэн хэдий ч аж ахуйн нэгжүүд татвараа нуусаар ирсэн шүү дээ. Уг хуулийг батлахад тодорхой лобби явж байгааг хүн бүр мэднэ. Компаниуд буруугаа хүлээж нуусан татвараа ил болгосон хүмүүсийг өршөөнө гэдэг нь хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт л нийцнэ. Өөрөөр хэлбэл, УИХ болон түүний дэргэд суугаа компанийн эздийн захиалгаар бүтсэн хууль. Тиймээс төдийлөн ач холбогдолгүй. Үнэхээр үр дүнтэй болгож, далд эдийн засгийг ил болгох гэж байгаа бол татварын системийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Энэ тохиолдолд нааштай үр дүнд хүрч болох юм. Түүнээс тусад нь авч үзсэнээр тодорхой үр дүнд хүрэхгүй л дээ.

 

 

Л.Оюун: ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН ЧУХАЛ

 

-Далд эдийн засгийг ил болгох нь зүйтэй. Гэхдээ энэ зүйл дахин давтагдахгүйн тулд эдийн засгийн орчин маш чухал. Тэгэхээр өршөөлийн хуульд хамрагдсан аж ахуйн нэгж дараагийн удаад орлогоо нуухгүй байх орчныг бүрдүүлэхгүйгээр энэ хуулийн үр дүн харагдахгүй. Яагаад гэвэл, нэг удаагийн өршөөлөөс илүү цаашид ил эдийн засагтай байхын тулд орчин нь тодорхой байх хэрэгтэй. Хамгийн гол нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хамруулах ёстой. Үүний тулд боломж бололцоо, цаг хугацаа өгөх нь зүйтэй. Компанийн орлогоо нуухгүй байх орчин нөхцөл гэдэг нь нягтлан бодох бүртгэлтэй шууд хамааралтай. Ер нь эдийн засгийн бус аргаар хөрөнгөжсөн нөхцөлд далд эдийн засаг хөгждөг. Тиймээс энэ удаагийн өршөөлд хамрагдсан аж ахуйн нэгжид дахин боломж олгохгүй байх механизмыг суулгах хэрэгтэй.

 

 

Д.Хосбаяр:  ЭЕРЭГ НӨЛӨӨ АВЧРАХГҮЙ

 

-“Ил тод”-ын хууль батлагдсанаар эдийн засагт эерэг нөлөө авчрахгүй. Энэ хууль бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжид төдийлөн хамаарахгүй. Харин улстөрчдийн халаасны цөөн тооны компаниудад нааштай үр дүн авчирч болно. Тодорхой хэмжээгээр эерэг дүн авчирч байна гэж харахыг хүсвэл НДШ-ийн хэмжээ өсөх болов уу. Түүнээс татварын орлого нэмэгдэхгүй. Одоогоор 20 гаруй мянган аж ахуйн нэгж татварын өр, акт тавиулахаас гадна дансаа хаалгасан байгаа гэсэн тоо баримт бий. Хэрэв өршөөлийн хуульд хамруулах гэж байгаа бол татварын орлого тасарна. Үүний оронд хаасан данс нээх, торгууль шийтгэвэр төлөх хугацааг сунгах зэрэг механизм ашиглаж болох юм. Хамгийн гол нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах нь чухал. Түүнээс хэсэг хугацааны дараа өршөөлийн хуульд хамруулснаар улсын эдийн засагт эерэг үр дүн гарахгүй.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Deerh gurav monch genen humuus umdaa. Ys uman deer ulsiin ediin zasagt sain noloo avchirahguich gemt heregtnuudee choloo,j avah ni hamgaas heregtei geed naana chine humuus heleedl bainashdee. Bonduudiin mongonii holbogdol buhii gemt heregtnuuded l ashigtai huuli zoriudaar gargaj baina. AN-iin luivariin arga gej uuniig heldeg umaa.
2015-08-11