“Эрдэнэт-Овоот”-ын төмөр зам барина
2015-08-11

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

Гэрэл зургийг MPA.MN

 

-Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Овоот” коксжих нүүрсний уурхай хүртэлх 547 км замыг концессын гэрээгээр барих эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олголоо.

 

Энэхүү замыг БНХАУ болон Австралийн хамтарсан консерциум өөрийн хөрөнгөөр барина. Үүнд нийт 1.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон. Тус консерциум энэхүү замыг ашиглалтад оруулсан цагаас хойш 30 жилийн хугацаанд эзэмшинэ. Бидний тооцоолж буйгаар төмөр зам барьсан хөрөнгийг 20 жилийн дотор нөхөх боломжтой. Ингээд 30 жилийн дараа тус төмөр замыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгнө.

 

2010 онд УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын талаар барих бодлогыг”-д нутаг дэвсгэрийн баруун бүсийн байгалийн нөөцийг ашиглан төмөр зам барих ажлыг судлах үүргийг Засгийн газарт өгсөн. Мөн 2015 оны Эдийн засгийн хүндрэлээс гарах зарим арга хэмжээний тухай тогтоолд Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замыг 2015 оны хоёрдугаар улиралд эхлүүлэхээр тусгасан. Уг зам  “Овоот”-оос цаашаа 230 орчим км үргэлжлэх юм бол Завхан аймгийн Арцсуурийн боомтоор ОХУ руу гарах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, тус зам баруун бүсэд тавих төмөр замын хэтийн төлвийг тодорхойлохоос гадна Эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэлээ.

 

Овоот уурхай нь 255 сая гаруй тонн коксжих нүүрсний батлагдсан нөөцтэй. Энэ нь цаашдаа ч нэмэгдэх боломжтой аж. Коксжих нүүрсийг ган хайлуулах зориулалтаар ашигладаг тул дэлхийд өндөр үнэтэйд тооцогддог томоохон ашигт малтмал юм.

 

Замын Үүд-Эрээний боомтод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна

 

Замын Үүд-Эрээний боомтыг ашиглан эдийн засгийн чөлөөт бүс  байгуулах асуудлыг судалсан дүнгийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцуулга хийжээ. 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зинь Пин манай улсад айлчилсан. Энэ айлчлалаар стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүний нэг нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд эдийн засгийн чөлөөт бүсийг Замын Үүд-Эрээнийг түшиглэн байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан.  2015 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар уг ажлыг судлах ажлын хэсэг байгуулагдсан аж. Аж үйлдвэрийн сайдаар ахлуулсан БХБЯ, ЗГХЭГ, ЭХЯ, ХХЕГ,  ГЕГ, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал өргөн дэлгэр  тавигдах болсон. Тэр дундаа  БНХАУ хөрш орнуудтайгаа эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг амжилттай хэрэгжүүлж байгаа орнуудын нэгд тооцогддог. Тухайлбал, Казакстан улстай тус улс Хоргос нэртэй чөлөөт бүсийн төвийг 2011 онд байгуулжээ. Энэ нь эдийн засгийн харьцааны шинэ загвар хэмээн  олон улсад туршлага болсон байна. Мөн Хятад улс Вьетнам, Лаос, Бирм улстай тус тус эдийн засгийн чөлөөт бүс байгуулах гэрээ хийсэн байна.

 

“Монгол Улс ч энэ чиглэлд оролцох нь зүйтэй гэж үзсэн. Замын Үүд бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн том  гарц. 2014 онд 1.1 тэрбум орчим ам.долларын эдийн засгийн бараа эргэлт Замын  Үүдээр дамжсан. 400 мянга орчим галт тэрэг 1.9 сая зорчигч, 520 мянган автомашин хилээр орж гарсан байдаг. Тиймээс Замын-Үүд-Эрээний боомт манай эдийн засгийн томоохон гарц, цаашил илүү хүчтэй болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн. Одоогийн байдлаар хоёр тал  4-5 удаа уулзалт хийгээд байгаа. Хятад, Казахстаны хамтарсан чөлөөт бүс болох Хоргост очиж туршлага судалсан байна. БНХАУ-ын Худалдааны яамнаас чөлөөт бүс  байгуулах ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг Аж үйлдвэрийн яаманд ирүүлжээ.  Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлаар дэлгэрэнгүй танилцуулаад, “Ерөхий төлөвлөгөөгөө нарийвчлан үзэж, цаашид ажлын төлөвлөгөө гарган судлах ажлаа үргэлжлүүлэхийг  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болголоо.”  хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэлдээ онцлов.

 

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
давхар вагоны тэзү-ээр барина
2019-10-30
zochin:
avto zamyn asuudal xelelcsen gesen Monhtor gedeg noxor yamar ch medeelel ugughgui yum ...
2015-08-11