Охид эмэгтэйчүүдийг хулгайлжээ
2015-08-12

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Мосул хотноо дараалласан халдлага үйлдэж, 150 хүн хулгайлсан тухай тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ. Хулгайлагдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, бага насны охид гэдгийг албаныхан баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Охид, бүсгүйчүүдийг Мосул хотын Чиг Хам дүүрэгт байрлах хэт даврагчдын нууц хуаранд хорьж буйг тагнуулууд Засгийн газартаа уламжилжээ. “Тэднийг аврах ажиллагаа удахгүй явагдана” хэмээн Абади мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.

 

Өнгөрсөн зургаадугаар сард хэт даврагчид Мосул хотыг эзэлсэн бөгөөд тус хотод байрлах эртний сүм хийд болон музейг нурааж, галдан шатаагаад байгаа юм. Хэт даврагчид сүүлийн үед дайчдынхаа тоог эрчимтэй нэмж, дайчин болсон хүнд эхнэр болон мөнгө өгч тэдний сэтгэлийг урвуулж эхэлжээ.

 

Иракийн хямралаас болж олон залуус хэт даврагч болохоос гадна тэдний амлаж буй зүйлээс болж төр засгаасаа урвах болсон хэмээн НҮБ-ын шинжээчид дүгнэж байна. Тэд эмэгтэйчүүдийг хулгайлж, эхнэрээ болгохоос гадна өөрсөдтэй нь дотно харилцаанд ороогүй хэмээн эрүүдэн шүүж, аминд хүрэх нь ихэсчээ. Энэ долоо хоногийн эхээр хэт даврагчидтай гэрлэхээс татгалзсан 17-29 насны 19 эмэгтэйг олны өмнө цаазалсан юм. Иракийн цөөнх гэгддэг Язидис үндэстний эмэгтэйчүүдийн 60 хувь нь хүчирхийлэлд өртөж, хүчээр хэт даврагчидтай гэрлэсэн хэмээн НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос мэдэгдэж, олон улсыг анхааралдаа авахын уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин