1000 оюутан-байлдагч халагдлаа
2015-08-12

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Цэргийн амьдралын уйдашгүй сайхан, бүх зүйл нь сонирхолтой, сургамжтай юм, хүний үг даах ухаан, тэсвэр хатуужлын сайныг сурч байна хэмээн ярьж байсан оюутан-байлдагчид өнөөдөр халагдлаа. Тэд дөрвөн сарын турш хугацаат цэргийн алба хаагчдын нэг жилийн хугацаанд сурдаг, эзэмшдэг, хийдэг, төлөвшдөг, цэргийн амьдралас авдаг бүгдийг олжээ.

 

 

Оюутан-байлдагчдын цэргийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, БХ-ын сайд Ц.Цолмон, БСШУ-ын сайд Л.Гантөмөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Д.Даваа, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр нарын албаны хүмүүс болон оюутан дайчдын ар гэрийнхэн оролцлоо.

 

Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 оюутан хамрагдаж, цэргийн эрдэмд суралцан, цэрэг эрс болон бэлтгэгдэж, буудагч-тасгийн дарга бага мэргэжил эзэмшин, халагдаж байна. Өмнөх онд Оюутан-цэрэг хөтөлбөрт 418 оюутан хамрагдаж мөн ийнхүү бэлтгэгдэж байсан билээ.

 

 

Оюутан-байлдагчид сүр хүч, тэмцэл ялалтын бэлгэдэл аранзал улаан тугандаа сөгдөн ёсолж, эх орондоо үнэнч байхаа батлан тангарлалаа. Цэргийн тангараг өргөнө гэдэг ердийн ёслол биш, эх орноо батлан хамгаалах Үндсэн хуулинд заасан иргэнийхээ журамт үүргийг биелүүлэхээ эх орондоо тангараглаж буй гүн хүндэтгэл юм. Энэ цаг мөчөөс хойш тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж эх орон дуудсан цагт хэзээд бэлэн байх үүрэг хүлээж байгаа юм.

 

 

Оюутан-байлдагч МУИС-ийн оюутан Ц.Золбаяр “Аав, ээжийн 1000 хөвгүүн, эх орны хүү боллоо. Анх цэргийн хуаранд очоод захны даавуугаа хадах гэж зүүгээр хуруугаа шивж байсан бид өнөөдөр хувцасныхаа ханзархайг өөрсдөө оёдог болов. Гутлын жийргээ ороож чадахгүй 3-хан км-т гүйгээд хөлөө холгож байсан бол 10 км-ыг азрахгүй туулдаг болсон. Энэ болбидний сурсан эрдмийн хамгийн энгийн, эхний жишээ. Хүний ёсоор хандаж, цэргийн ёсоор ажиллана гэдэг офицер, ахлагчдынхаа хичээл, зүтгэлээр хугацаат цэргийн нэг жилийн турш сурдаг зүйлийг өөрсдийгөө бүрэн дайчилж дөрвөн сарын хугацаанд сурлаа. Цангасан нэгэнтэйгээ цайнаасаа хувааж, бүдэрсэн нэгнээ бүснээс нь татаж босгосон андуудтай боллоо. Оюутан-цэргийн амьдрал ачаалалтай хүнд байсан ч сонирхолтой, сургамжтай байлаа” хэмээн ярьсан.

 

Үүнийг сонсон, хажууд зогсоо хэн нэгэн “Болж дээ. Манай залуус солонгос киногоор бөмбөгдүүлсээр бүр охин дүрд орж, монгол хөвгүүд хаана байна гэмээр болоод байсан юм” гэж ярих сонсогдов.

 

Оюутан-цэргүүд маш шахуу хуваарьтай цэргийн эрдэмд суралцдаг, Өглөөний 06:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл нийт 10 цагийн хичээл ордог. Энэ хугацааанд оюутан-цэргүүд цэргийн эрдэм, мэдлэгт суралцахаас гадна тамхинаас гарсан, илүүдэл жингээ хассан, суудлын өвчнөөс ангижирсан зэрэг дэвшилттэй алхам олныг хийсэн" гэж Оюутан-цэрэг хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярьж байсан.

 

Тэднийг цэргийн алба хаах хугацаанд гар утас, интернэт гэх мэт харилцаа холбооны техник хэрэгсэл ашиглах боломжгүй, гадны хүнтэй уулзахгүй вакум орчинд зөвхөн оюутан-цэргүүдийн сургалтад зориулан боловсруулсан "Цэргийн ерөнхий бэлтгэл", "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" гэсэн хоёр номыг ашиглан, дэвтэр, үзэггүйгээр сургалтыг явуулсан байна. Оюутан-цэргүүд номоо уншаад багшаар тайлбарлуулан дахин дахин давтан дасгал сургуулилт хийх замаар, цэргийн эрчимжсэн сургалтын модуль блокын арга зүйгээр сургалтын төхөөрөмжлөгдсөн есөн цэгийг дамжин амжилттай хичээллэжээ.

 

 

Оюутан-байлдагчдын тангарагийн баярт оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын батлан хамгааллын шинэ нөөц хүчин, цэргийн албаны шинэ хэлбэр Оюутан-цэргийн хоёрдугаар ээлж тангараг өргөлөө. Эр цэргийн тангараг өргөсөн хүний зүрхэнд эх орноо бүтнээрээ шингэдэг. Оюутан гэсэн хариуцлагатай нэрийн дээр цэрэг хэмээх бахдам алдар, чанга хатуу хариуцлагыг нэмлээ. Цэргийн тангараг бол эр хүний хамгийн чанд мөрдөх тангараг юм. Та бүхэн үүн дээрээ оюутны хариуцлагатай тангарагийг өргөж байгаа гэж бод. Алхам тутамдаа хичээн санаж яв. Оюутан-цэргийн жагсаал, тангараг өргөх ёслол монгол цэргийн жавхааг бадрааж, золбоо хийморийг өргөж байгааг харахад сэтгэлд нэн таатай байна. Энэхүү явдал БХЯ, ЗХЖШ, БСШУЯ, оюутны байгууллагууд болон холбогдох хүмүүсийн ажлыг дүгнэж болохоор байна” гэж хэлсэн.

 

Ийнхүү “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан 1000 хөвгүүн цэргийн эрдэм, ухаанд суралцаж, эх орон дуудсан цагт бэлэн байх тангараг өргөв.

 

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин