Ким Чен Ун сайдаа хөнөөжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийг нь буруутгасан Ерөнхий сайдын орлогч Чое Ён Гон гэгчийг өнгөрсөн тавдугаар сард ажлаас нь чөлөөлж, олны өмнө цаазалсан гэж нэрээ нууцалсан гэрч Өмнөд Солонгосын “Yonhap news” агентлагт ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Чое Ён Гон өнгөрсөн оны зургаадугаар сард Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хаших болжээ.Тэрээр удирдагчийн эцэг Ким Чен Ирийн үед Хойд Солонгос дахь НҮБ-ын асуудал хариуцсан даргаар ажиллаж байсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш тэрээр олны өмнө харагдаагүй байна. Сайдыг хаана цаазалсан нь тодорхойгүй байгаа гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг (NIS) мэдээлэв.
Ким Чен Ун өөрийнх нь эсрэг нэгдсэн, урвасан бүхнийг замаасаа зайлуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Батлан хамгаалахын сайд Хён Ёон Чолыг олон зуун хүний өмнө зенитийн их буугаар буудаж, цаазалсан билээ. Сайдтай хамт 15 хүнийг цаазалсны дунд “Хөдөлмөрийн нам”-ын өндөр албан тушаалтнууд байсан гэнэ. Ким Чен Ун Засгийн эрхэнд гарсныхаа дараа аавынхаа үед ажиллаж байсан өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж эхэлсэн юм. Хойд Солонгосын хоёр дахь хүн гэгдэж байсан Чан Сон Тэкийг төрийн эсрэг хуйвалдаанд буруутгаж, 2013 оны арванхоёрдугаар сард цаазалсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ